
Өмнөговь аймгийн Даланзадгад сумд байрлах "Говийн байгаль түүхийн музей"-н захирал Ц.Отгонтуяатай ярилцлаа.

-Музей анх байгуулагдахдаа хэдэн үзмэртэй байв. Анх үүсгэн байгуулагдсан үе болоод одоогийн түвшнийг харьцуулж үзвэл?
-Манайх 2022 оны 5.18-нд буюу Олон улсын музейн өдөр үүсгэн байгуулагдсан. Энэ жил дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулахдаа 200 гаруй мянган хүнд үйлчилжээ. Анх музейг ашиглалтад оруулахдаа 60-70 хувьтай байсан бол өнөөдөр үзүүлэн дэглэлт бараг 90 хувьтай болжээ.
2008 оноос музейн төсөл эхэлж, 2020 онд үзүүлбэрийн концевцоо эрдэмтэн, судлаачдын багтай ярилцаж, 2021 онд шинэ барилгаа хүлээж аваад, нүүж байлаа. Хуучин 1700 орчим үзмэртэй байсныг 7800 ам метр талбайтай шинэ байрандаа дэглэвэл учир дутагдалтай шүү дээ. Иймээс аймгийн онцлогийг харуулсан, хүмүүсийн сонирхлыг татаж, бахархах сэтгэлийг сэргээсэн гоо зүйн талаас ямар үзмэртэй байх талаар Шинжлэх ухааны Архелеологийн хүрээлэн, Палентлеогийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачтай хамтран үзүүлэн дэглэлтээ зохион байгуулсан. Мөн Оюутолгой төслийн “Говийн хөгжлийг дэмжих сан”-гаас 11.9 тэрбум төгрөгөөр музеэйгээ тохижуулсан.
Музейн үзмэрийн дийлэнх нь буюу 60 хувь нь угсаатан зүйтэй холбоотой. Хувь хүний хэрэглэж байсан эдийн соёлтой холбоотой.
2024 онд Өмнөговь аймгийн Иргэдийн хурлаараа Говийн байгаль, түүхийн музей гэх нэршлээ аваад одоо 30-уулаа ажиллаж байна. Бид зөвхөн музейн үзмэрийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, 0-16 хүүхдэд музейн боловсролын хөтөлбөр явуулдгаас жилдээ давхардсан тоогоор 5500 хүүхэд хамрагддаг.
-Танай музей жилд хэчнээн хүнд үйлчилж байна. Үүний хэдэн хувь нь дотоодын, хэд нь гадаадын аялагч байна?
-Бид үзмэрээ жилд 50 мянга гаруй хүнд үзүүлдэг.Үүний 25-30 хувь нь гадаад үзэгч. Тэр дундаа Англи, Америк, Франц үзэгчид их байдаг. Сүүлийн үед ОХУ-ын аялагчид их ирж байна. Хүүхдүүд манай гол үзэгч. Нэг хүүхэд бүр 15 дахь удаагаа ирж үзэж байсан.
Манай оргил ачааллын үе бол долдугаар сар. Иймээс тавдугаар сарын 1-нээс 10-р сарын 1-н хүртэл аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотой хагас бүтэн сайнгүй ажиллаж аялагч хүлээн авдаг.

Цагаан сартай холбоотой 8-р ангийн хүүхдүүд дунд “Атганд багтдаг эрдэнэ” гэх уламжлалт тоглоом наадгай зохион байгуулдаг. Энэ жил 27 дахь жилдээ 3-р сарын 8-ныг угтаад “Уран гартай эмэгтэйчүүд” нэртэй үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Намар хүүхдүүдийн бие даалтын долоо хоног эхлэхээр “Миний нутаг сайхан” гэх арга хэмжээ зохион байгуулдаг.
-Музейн үзмэрийн хадгалалт хамгаалалт хамгийн чухал. Мэргэжлийн хүн ажиллуулах тал дээр хүний нөөцөө хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Анх 13-уулаа ажиллахдаа үзмэртээ анхаарч байсан бол 30-уулаа болсон ч хүний нөөц дутагдалтай байна. Одоо хүний нөөцдөө анхаарч байна. Үзүүлэх танхимд гэрэлтүүлэг ямар байх вэ, чийгшил тоос шороо ямар байх вэ гэдэг маш нарийн технологитой. Бид үзвэрийн танхимд үстэй хувцастай хүмүүс оруулах дургүй. Мөн хүмүүс нохой муур, ус ундаа зайрмагаа авч ороход ч дургүй. Учир нь энэ болгонтой хортой шавьж, ялаа шумуул дагаад явж байдаг. Эмч нар хүнээ эмчилдэг бол бид үзвэртээ анхаарч байдаг. Музейн хадгалалт хамгаалалт хариуцсан хүн маань гэхэд энэ жил 18 дахь жилдээ ажиллаж байна.
-Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдэг утгаар хайгуул палентлеогийн хээрийн хүрээлэн энд ажилладаг юм билээ. Танай музеэ бие даан малтлага судалгаа хийдэг үү?
-Манай музейд өнөөдөр гурван докторант, зургаан мастер ажиллаж байна. Бие даасан доктортой байж бие даасан малтлага, архелеологийн судалгааны ажил хийдэг. Соёлын яамнаас зөвшөөрөл авдаг. 2025 онд манай мэргэжлийн гурван архелеогич Монгол Улсын нүүдэлчдийн архелеогийн хүрээлэнтэй хамтарч бие даасан анхны малтлага эхлүүлсэн. Малтлагын дүнд нэг монгол булш, хоёр хүннүгийн булш олж, ваар эд өлгийн зүйлс олоод судалгааны ажил дээр явж байгаа.
-Нэг малтлага хийж эд өлгийн зүйл олоод үзмэр болж, үзэгчдэд дэлгэгдэх хүртэл хэр хугацаа ордог вэ?
-Малтлагаас олдсон зүйлээ шууд гаргаж ирээд үзмэр болгохгүй. Мэргэжлийн байгууллага руу явуулж судална. Хэддүгээр зууных вэ аль цаг үетэй холбоотой гэдгийг тогтоож, дүгнэлт гаргасны дараа сэргээн засварлаж, өнгө үзэмж оруулна. Үзэгчдийн хүртээл болох хүртэл 1-2 жил болдог.
-Малтлага судалгааны ажил хийх төсөв санхүүг хэрхэн шийдэж байна?
-Малтлага судалгаа хийхэд мөнгө их орно. Сэргээн засварлах, малтах баг ухах баг гээд 10-аас дээш хүн ажилладаг. Мөн туслан гүйцэтгэгчээр дадлагажигч оюутнууд явдаг. Ингэж байж оюутнуудын мэдлэг чадварыг дээшлүүлдэг. 2026 онд Өмнөговь аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд музейн сан хөмрөгийг баяжуулах, малтлага архелеологи, палентлогийн судалгаанд 100-аад сая төгрөг суусан.
-Музейн өмнө тулгамдсан ямар асуудал байна?
- Өмнөговь аймаг үлэг гүрвэлийн өлгий нутаг. Говиос зургаан төрлийн үлэг гүрвэл олдсон. Үүгээрээ дамжуулж хүүхэд багачуудад танин мэдүүлж, бахархах сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Гэтэл үлэг гүрвэлийн өлгий нутгийн музейд палентлеогийн чиглэлийн хүн алга байна. Нэг үгээр хүний нөөц дутагдалтай байна. Харин бидний давуу тал олж байгаа орлогоо захиран зарцуулах эрхтэй учраас илүү цагаар ажилласан, соёлын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зарсан орлогоороо хоргоо шинэчлэх, цахим орчноо хөгжүүлж гадаад дотоодын жуулчин татах, үзмэрээ шинэчлэх баяжуулах чиглэлд зарцуулдаг. Улс нэг үзмэр ав гэж мөнгө өгөхгүй шүү дээ.
-Тасалбарын ханш хэд вэ. Одоогийн зах зээлийн үнэтэй уялдаж байна уу ?

-Музейн хууль 2024 оноос хэрэгжсэнээр үүсгэн байгуулагч буюу аймгийн Засаг даргатай тасалбарын үнэ ханш зөвшилцөх ёстой. Өнөөдрийг хүртэл гадаад дотоодын аялагчдыг ялгахгүй 10 мянган төгрөгөөр үзмэрээ үзүүлж байсан. Гэтэл 10 мянган төгрөгийг хөрвүүлвэл хоёр доллар шүү дээ. Гэтэл энэ музейг дэглэж үзүүлэх гэж ямар их хүч хөдөлмөр зарж, оюунаа шавхаж байгаа билээ. Гадаадаас хүн ирж үзээд арай ч дээ, арван мянгаар үзүүлээд байхдаа яахав дээ гэх нь ч бий. Манайх найман шинжлэх ухааны хавсарсан биет болон биет бус музейтэй шүү дээ. Тайлбартай нь үзье гэвэл хоёр цагийн хөтөлбөртэй. Иймээс өнгөрсөн оноос дотоодын хурлаа хийж, гадаадын жуулчдад 20 мянга, дотоодын аялагчдад 10 мянга, оюутнууд цэргүүд, 55-аас дээш насныхан 5000, 0-16 насныхан үнэ төлбөргүй байхаар тарифаа шинэчилсэн.
Мөн бид ганц үзэгч тасалбарын мөнгөөр санхүүгээ шийддэггүй. Сувенир дэлгүүрт музейн брэнд үлэг гүрвэлийн хэвлэлттэй подволк, соронз, түлхүүрийн оосор гэхчилэнг хийж, соёлын үйлдвэрлэл явуулдаг. Одоогоор зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна. Жил бүр зарах бүтээгдэхүүний төрлөө хоёроор нэмэхийг зорьдог. Мөн лекцийн танхимаа түрээслүүлэх гэхчилэнгээр орлогын олон эх үүсвэрээр санхүүгээ шийдвэрлэж, үзмэрийн арчлал хамгаалалтад анхаарч, шинэ үзвэрээр музеэгээ баяжуулахад анхаарч байна.
