Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.02.23 14:49
604
Хоёр ч удаа АТГ-ын хаалгыг татсан Д.Тогтохсүрэнг хугацаанаас нь өмнө суллав

100 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх Д.Тогтохсүрэнг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавилаа.

Хоёр ч удаа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн эхний удаа уснаас хуурай гарч, хоёр дахь удаагаа хугацаанаасаа өмнө суллагдав.

Тодруулбал, түүнийг 2016 онд Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа нэг хүнээс 70 сая төгрөгийн авлига авч, тендерт шалгаруулж өгсөн гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгасан ч эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.

Үүний дараа 2026 оны нэгдүгээр сарын 26-нд Авлигатай тэмцэх газраас Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хоёр зүйл ангиар шалгаж, 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон юм. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаас нь өмнө суллаж, хилийн хориг тавилаа.

Тэрээр парламентад хоёр ч удаа сонгогдож, МАН-ын Бүлгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеэс эхлэн түүний орлого тогтмол өссөн байна.

Түүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал 2020 онд өөрийн орлого 50 сая төгрөг байсан бол 2024 онд 160 сая төгрөгийн орлоготой болжээ. Мөн 2020 онд 188 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай байсан бол 2024 онд 800 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай болсон байна.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж түрүүвчээ түнтийлгэдэг дарга нарт хууль шударга үйлчилж байгаа юу? Түмний боломжийг хулгайлж, өөртөө давуу байдал олгочхоод ял шийтгэлээ эдлэх болохоор эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн суллагдах нь зүйд нийцэх үү?