Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.02.23 17:04
489
Өөрт оногдсон 30 хоногтоо та ямар үр дүн гаргав САЙД АА!

Нийслэлчүүд идэр есийн хүйтэнд 21-р зуунд лаа, чүдэнзтэй нөхөрлөсөн өдөр хоногууд өнгөрөв. Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбарынхаа асуудлыг шийд хэмээн өгсөн 30 хоногийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ. Ямартай ч өдөр бүр эрчим хүч таслахаа больсон ч Цахилгаан станцууд бэлтгэл, нөөц тоноглолгүйгээр бүрэн чадлаараа ажилласаар байна.

Саяхан VI-р цахилгаан станцад гэмтэл гарах үед "ТЭЦ-IV"-ын Ерөнхий инженер П.Болдбаатар “Зүйрлэж хэлбэл, 5 тонны даацтай машин дээр 7 тонн ачаа ачаад запас дугуйгүйгээр хасах -40 хэмд хөдөө хүргэнэ гэж байгаатай адил нөхцөлд ажиллаж байна. Сая эвдэрсэн зуухыг засахын тулд зуухаа бүрэн хөрж амжаагүй, +70 хэмийн халуунтай байхад ажилчдаа оруулж засуулсан. IV-р цахилгаан станцад нэг зуух зайлшгүй шаардлагатай. Бид 2018 оноос хойш шинэ зуухтай болох ТЭЗҮ-г гаргаж, хүсэлтээ өгч байгаа ч одоог хүртэл асуудал шийдэгдээгүй байна” гэсэн юм.

Гэтэл ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглаж 10 аймагт Дулааны станцтай болох боломжийг хулгайлсан нь тогтоогдож, 30 хоногийн хугацаанд цагдан хоригдоод буй.

Энэ мэт үе үеийн сайд, дарга нар шинэчлэл хийлгүйгээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр өдийг хүрсний балаг гарч нэг л гэмтэл гарвал хот тэр аяараа хөлдөх, ажилчид амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл нэмэгдэж байна.

“Салхигүй байгаа болохоор утаатай байна. Гадаа хүйтэн байгаа болохоор гэмтэл гарсан” гэх мэт ялихгүй шалтаг тоочсоор дөрвөн жил боллоо сайд аа! Өөрт оногдсон 30 хоногтоо та ямар үр дүн гаргав?