

Улс төрчийн үнэлгээ дүнг судалж, зарлаж ирсэн МЭК судалгааны байгууллага ирэх жил ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улс төрчдийн дунд рэйтинг судалгаа хийжээ. Тус байгууллагаас “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдийн дэмжлэг” агуулгын хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн сонгуулийн насны 1004 иргэнийг хамруулж энэ сарын 9-15-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар саналыг цуглуулсан байна.
МАН-аас Г.Жавхлан, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг, Б.Энхбаяр, С.Бямбацогт, Г.Занданшатар нарын 6 нэр дэвшигч тодруулж, олон нийтээс санал асууснаас Ерөнхий сайд Г.Занданшатар 26 хувиар тэргүүлсэн байна.

АН-аас Ж.Баярмаа, С.Одонтуяа, С.Баярцогт, С.Ганбаатар, Лу.Гантөмөр, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нарын найман улс төрч жагсааснаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүлжээ.

Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших квотын төлөөх өрсөлдөөн ил биш ч хөшигний цаана аль эрт эхэлсэн. МАН-аас нэр дэвших эрхмийг хүмүүс аль эрт таамаглаад эхэлсэн бол АН-аас ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх эрхмүүд битүүхэн өрсөлдөж, олны өмнө илүүтэй их гарч, "амь" орж эхэллээ. Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэгдэж байсан УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Оюутолгойн сонсголын үеэр хоёр чемодан баримттай ирээд ч иргэдийн дундах рэйтингээ төдийлөн өсгөж чадаагүй. Тэгвэл АН-аас эрх баригч намын дэвшигчтэй ана мана үзэлцэх рэйтинг, улс төрийн арга барилтай улс төрчөөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг нэрлэжээ.
