

М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйн асуудлаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Хэрлэнээс тодрууллаа. Тэрээр “М.Нарантуяа-Нара гишүүний асуудлыг ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар шийднэ. Тухайн гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд ямар нэгэн хариуцлага яригдах боломжгүй. Гэхдээ ямар үйл явдал болж байгааг харж байгаа. Ойрын хугацаанд өөртэй нь уулзана. Байнгын хорооны гишүүдтэйгээ зөвлөлдөөд нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө. Хаврын чуулганаар гишүүдийн ёс зүйн асуудалд анхаарна” гэв.
Энд зөвхөн М.Нарантуяа-Нара гишүүний асуудал хөндөгдөхгүй. Биднийг төлөөлж сонгогдсон, хууль батлах үүрэгтэй УИХ-ын гишүүд ёс зүйн доголдол үүсгэх, чуулгандаа суухгүй байх зэрэг асуудалд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй.
Тийм ч учраас Хаврын чуулган эхэлмэгц гишүүдэд хариуцлага тооцох хуулийн төслийг санаачилна гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хэлж байв.
Жирийн албан хаагч ажилдаа нэг л өдөр ирэхгүй бол цалингаас нь хасдаг атал УИХ-ын гишүүдэд тийм хууль үйлчлэхгүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Д.Амарбаясгалан зэрэг чуулгандаа хаа нэг үзэгддэг гишүүдэд ч бас хариуцлага яригдах ёстой.
