

Энхтайваны гүүр одоогоос 68 жилийн өмнө буюу 1958 онд ашиглалтад орж байжээ. Тус гүүрний ашиглалтын хугацаа дуусаад 13 жил өнгөрч, эвдрэл цууралт үүсээд байгаа. Харин өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Энхтайваны гүүртэй холбоотой нэгэн мэдээллийг цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр, Энхтайван гүүрний ашиглалтын хугацаа дууссан. Шууд хааж засахад таг түгжрэх тул бид энэ Трамбай төслийг эхлүүлж, трамбайд зориулсан зэрэгцээ гүүрний бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Улмаар автын хөдөлгөөнийг шинэ баригдах гүүр рүү шилжүүлэх замаар Энхтайван гүүрийг засахаар төлөвлөсөн гэжээ.
Энэ хүрээнд Трамбай төсөлд 350 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Гэвч энэ нь тус төслийн 29 хувь буюу зөвхөн урьдчилгааны дүн аж.
Өчигдөр НИТХ-ын 10-р хуралдаан болж төсвөө тодотгосон. Эхлээд 4.3 их наядын төсөв баталсан боловч 2.2 их наядаар тэлэх санал оруулж ирсэн.
Ийнхүү Улаанбаатар хотын төсвийг үлэмж хэмжээгээр томруулах болсон шалтгааны нэг нь Улаанбаатар трамбай төсөл юм.
Мөн ДЦС-5 төсөлд 200 тэрбум, 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдоогүй 9 төсөл, арга хэмжээнд 2.4 тэрбум, төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан 4 төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум, нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар болсон.
Гэвч хэзээ мөдгүй нурах гэж байгаа Энхтайвны гүүрний засвар үйлчилгээнд төсөв баталсангүй.Харин АНУ-ын Алтан хаалга гүүрийг 1937 онд ашиглалтанд оруулж байсан бол Сиднейн Харбор гүүрийг 1932 онд ашиглалтад оруулж байсан. Дээрх гүүрнүүдийн ашиглалтын хугацаа дуусаагүй, өнөөг хүртэл ямар нэгэн асуудалгүй байсаар буй.
Гэвч Энхтайвны гүүр хэзээ мөдгүй нурж унах дээрээ тулсан ч түгжрэлээс айсандаа гүүрээ хаалгүй, Трамбай барих шийдвэрийг гаргав уу?
