m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
2026.02.26 14:04
616
Баарны эзнээс барилгын салбараар мөнгө угаагч сайд болтлоо томорсон Э.Бат-Амгалан

 Баянцээлийн баарны эзнээс барилгын салбарын магнат болтлоо хөлжиж, салбарын хойморт нь   сандайлж буй сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарт залилуулсан хохирогсдын гомдол барагдсангүй.  “Зэс эрдэнийн хувь” компанийн  гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар энэ сарын 12-нд   сайд Э.Бат-Амгалан, дүүгийх нь хамт АТГ-т шалгуулахаар болсноо зарласан. Тэрээр Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний төрсөн ах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, мөн түүний найз Б.Дэлгэржаргал нарт холбогдуулан гомдол гаргаж АТГ-т хандаж байна. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр бид бүгдийн итгэлийг олох замаар хууран мэхэлж, гадаад руу экспорт хийхдээ “Зэс-Эрдэнийн хувь” ХХК  ямар нэгэн НӨАТ төлөхгүй гэж хэлээд өөрийн компаниараа худалдааг дамжуулсан. 2020 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийг идэж, шамшигдуулсан. Шамшигдуулсан мөнгөөрөө сайд ахынхаа сонгуульд оролцсон байх магадлалтай. Иймээс АТГ-т шалгуулж байна” хэмээсэн юм.

Эрдэнэтийн иргэдэд очих байсан мөнгөөрөө сайд Б.Бат-Амгалан төрсөн дүү, хамаарал бүхий этгээдийн хамт БЗД, Гачууртын аманд тансаг зэрэглэлийн хаус, хотхон, үйлчилгээний төв рүү оруулж, мөнгө угааж байж болзошгүй хэмээх хардлагыг төрүүлж байна.  Тухайлбал,

-Nova nest town- “Монгол Шилтгээн”-ий хажууд байрлах тансаг зэрэглэлийн хотхоныг Э.Бат-Амгалангийн эхнэр, дүүгийн хамт эзэмшдэг.

-Рио виста- Гачууртад байрлах 46 айлын тансаг зэрэглэлийн хотхон

-БЗД, Кайду вилла хотхон

-БЗД,  Улаанхуаранд байрлах  “Кайду сити” хотхон кино театр, дэлгүүр бүхий 10 давхар худалдаа үйлчилгээний талбай сайд Э.Бат-Амгаланд харьяалагдаж байна.

Эдгээр нь зүгээр нэг хотхон биш тансаг зэрэглэлийн хотхон, хаус юм. Сайд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эдгээр хаус, хотхоныг дурьдахгүй ч өөрийн туслах Ц.Ялалтын байгуулсан ОПТУ гэх компаниар дамжуулан бизнесийн үйл ажиллагаагаа тэлсээр байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд  Э.Бат-Амгалан нэрээ нуусан ч сүндэрлэн босч буй барилгууд нь түүнийг илчилж байна.