m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2026.02.26 17:11
332
А.Цагаанхүү:  СЗХ иргэдийн хэрэглээний зээлээс илүү ББСБ, АПП-д хяналт тавих хэрэгтэй

Цаг үеийн асуудлаар эдийн засагч А.Цагаанхүүтэй ярилцлаа.

-Нийслэлийн төсвийн тодотгол хоёр хоногийн өмнө батлагдлаа. Он гараад хоёрхон сарын дараа төсвөө тодотгож байгааг та юу гэж харж байна вэ?

-Улсын төсөв ярих шаардлагатай. Улсын төсвийн орлого 36 их наяд төгрөг, зарлага нь 33 их наяд төгрөг гэж төлөвлөсөн. Энэ жилийн хувьд хэлэлцүүлэг өрнүүлэлгүй тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаасаа болоод бараг долоо хоногийн дотор баталсан. Яг энэ нөхцөл байдал нийслэл дээр ч давтагдсан гэж харж байна. Нийслэлийн төсөвт шинээр 350 тэрбум төгрөгийн Трамвай төсөл шууд орж ирсэн байсан. Хувийн компаниуд төслөө хийхдээ бүтэн жил судалж, бизнес төлөвлөгөө гаргадаг. Гэтэл манай засаг, нийслэл дээр батлагдаж  байгаа төслүүд шууд мөнгөн дүнгээ тавиад ороод ирж байна. Том хэмжээний төсөл мэдээж 2-3 жил үргэлжилнэ. Зураг төслийн үе шатаа л ТЭЗҮ гэж хараад байгаа юм. Орлого, зарлага хэрэгжүүлснээр нийгэмд ямар үр өгөөжтэй, санхүүгийн дарамт учирч болох вэ гэдгийг тооцож байж төслүүд батлах ёстой. Энэ удаад ч хангалттай судлаагүй.

-Орлого талд нь авч үзвэл Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн газраа зарж борлуулснаар орлогын эх үүсвэр нэмэгдэнэ гэж тооцоолсон байна лээ. Энэ хэр бодитой орлогын эх үүсвэр вэ?

-Нийслэл орон сууцны салбарт хүч түрэн орж ирж байгаа. Гэтэл Монгол Улсад барилгын компаниуд маш их байна. Орон сууц борлуулалт нь ипотектэй 100 хувь хамааралтай. Өнөөдөр ипотекийн санхүүжилтэд орохын тулд иргэд хоёр жил хүлээсэн байдалтай байна. Эзнээ хүлээж байгаа хоосон байр маш их байна. Нийлүүлэлтийн илүүдэлтэй энэ үед дахин нийслэлээс барилга барина гэдэг маш том асуудал. Дээрээс нь хувийн компаниуд хамгийн их эрсдлийг хүлээх болов уу гэж харж байна. Нийслэлээс гол шийдвэрлэх зүйл нь санхүүжилт байх ёстой.

-Нийслэлээс трамвай, дүүжин тээвэр, туулын хурдны зам, метро гэхчилэн маш том том төслүүдийг нэг дор эхлүүлж байгаа нь хэр оновчтой вэ. Манайд нэг дор бүгдийг нь ашиглалтад оруулах санхүүгийн болоод хүний нөөцийн чадавхи бий юу?

-Оны өмнө метро төсөл гээд маш их шуугилаа. Нийслэлээс мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа ч нэгийг нь хэрэгжүүлэхэд бид хүний нөөц болоод ААН-ийн дутагдалтай тулгарна. Учир нь том төсөл хэрэгжүүлэхэд инженер техникийн ажилтнууд шаардлагатай. Хувийн компаниуд ажиллах хүчний хомсдолд ороод зогссон байгаа шүү дээ. Нийслэлээс хятадад тендер зарлаад хятадаас ажиллах хүчин оруулах байдлаар шийдэж байна. Энэ том төслүүдээ бид дан зээлээр санхүүжүүлж байгаа. гэтэл ажиллах хүч болоод холбогдох зардалдаа хөрөнгө мөнгөө гадагшаа гаргачихаар валютын ханшны алдагдал том асуудалд орно.

-Цагаан сараа бид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Цагаан сардаа зориулан хэр их мөнгө гадагш нь урсгав. Дотоодын ААН-ээ дэмжих урсгал энэ үеэр хэр явагдсан гэж харж байна?

-Монголчууд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Нэг анзаарсан зүйл нь монголчууд согтууруулах ундаа бага хэрэглэдэг болжээ. Мөн бие биендээ хятадын чанаргүй бэлэг өгөх нь багасч бэлэн мөнгө өгч байгаа зэрэг дэвшилттэй зүйл байлаа. 2025 онд манай улсад 840 мянган жуулчин 700 тэрбум төгрөг үлдээсэн бол эсрэгээрээ бид цагаан сараар гадагшаа аялдаг трэнд гарсан байна. Эргээд бид гадаадад аялахад  нэг их наяд төгрөгийн зардал гаргажээ.

-Энэ сарын 15-нд иргэн, ААН татварын тайлангаа илгээх тайлант хугацаа дууслаа. Тайлангаа ирүүлсэн ААН-ийн тоо, татварын нөхцөл байдалтай та танилцсан уу. Ямар өөрчлөлт гарсан байна?

-ААН-үүдийн орлого 15-20 хувиар өссөн байна лээ. Гэхдээ гол асуудал татвартай холбогдож байгаа. том ААН, жижиг ААН татварын өрөөс шалтгаалж тайлангаа хойшлуулсан байсан. Мөн оны өмнө татвар тэглэгдэх сургаар ААН-үүд эргэлзэж хүлээлт үүссэн байна лээ.

-Татварын багц хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хуулийн төсөлд ААН-ийн хүсэн хүлээж буй заалт орсон байна уу?

-ААН-д хамгийн дарамт учруулж байгаа татвар бол НӨАТ гэж харж байгаа. НӨАТ бол 10 хувь шууд суутгаж байгаа нь ААН-ийн өртгийг нэмж, иргэдийн төлөх дүнг нэмж байгаа.НӨАТ-ийн үнэ шууд үндсэн үнэд 10 хувь нэмж байгаа. Зах худалдааны төвүүд НӨАТ өгөхийн тулд яалт ч үгүй үнийн өсөлт ирнэ. СЗХ иргэдийн хэрэглээний зээлд хязгаарлалт хийхээс илүү ББСБ, АПП зээлд хяналт тавих хэрэгтэй.