m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрүүл мэнд
2026.02.27 12:53
188
"Аутизмтай иргэдийн тусгай хууль"-д иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ

Иргэн Ц.Мөнх-Эрдэнэ Аутизмтай иргэдийн тусгай хууль санаачллуулахаар иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэ сарын 5-нд эхлүүлсэн цахим өргөдөлд одоогийн байдлаар 2796 хүн гарын үсэг зураад байна. Өргөдөлдөө "Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байна. Үүний улмаас аутизмтай иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөх, төрийн байгууллагуудын уялдаа сул байх нөхцөл байдал түгээмэл байна. Олон улсад, тухайлбал Их Британи, Хойд Ирланд зэрэг улс аутизмтай иргэдийн тухай тусгай хууль баталж, төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосноор аутизмтай иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог бодитоор сайжруулсан сайн туршлага бий. Иймд Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийг хамарсан, салбар хоорондын уялдааг хангасан, хүүхдээс насанд хүрэгч рүү шилжих дэмжлэгийг баталгаажуулсан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах шаардлагатай гэж үзжээ. Цахимаар гарын үсэг цуглуулах хугацаа ирэх сарын 23-нд дуусна. 100 мянган иргэний гарын үсэг цугласан тохиолдолд УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор авч хэлэлцэх юм.