

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр "Намын даргын илтгэлд дөрөв дэх нь авлигаас ард түмнээ ардын намаа чөлөөлөх бодлогыг бага хуралд танилцуулж байна. Энэ нь манай намын маш олон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, хашиж байсан хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт орооцолдож байна. Сая ҮАБ-ын нарийн бичгийн дарга ёс зүйн хувьсгал хийх цаг болсныг хэллээ. Манай намын залуу дарга ардын намаа авлигачдаас чөлөөлөх тухайд шийдэмгий хатуу байгаа юм байна гэж ойлгож байна" гэлээ.
–УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой хэрэг юу болж байна вэ?
-Д.Амарбаясгалангийн хувьд прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Иймд удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэх болов уу.
–МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат бага хуралд оролцож байна. Хэрэг нь шийдвэрлэгдсэн гэсэн үг үү?
-Цагдан хоригдсон этгээдийн хувьд цагдан сэргийлэх ямар арга хэмжээ авахыг шүүгч шийддэг болсон. Цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавин шалгаж байгаа нь гэм буруугүй гэсэн дүгнэлт биш. Хэргийг хэрхэн шалгах, ямар шийдвэр гаргахыг шүүх байгууллага шийднэ. Ж.Мөнхбатын тухайд Монгол Улсад ирсэн байна. Тухайн үед шүүгчийн захирамж гарсан ч хилээр гарах үед нь хилийн хориг байгаагүй гэх мэдээлэл байна. Харин дараа нь цагдан хорих шүүгчийн захирамж гарчээ. Өөрөө шүүхэд хандан хилийн хоригийн хязгаарлалтаа өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу эх орондоо ирсний дараа шүүхээс хилийн хориг тавьсан байна. Одоо бол Монгол Улсаас гарах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж ойлгож болно.
-Нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтнуудын тухайд?
-Ялын хугацаа нь дууссан хүмүүс эхнээсээ суллагдаж байна. Тухайлбал, Т.Аюурсайхан-ы 2.6 жилийн ялын хугацаа дуусч, маргааш суллагдана.
–УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Энэ долоо хоногийн Лхагва гаригт прокурорын захирамж гарч, бусдын бие махбодид санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна.
-Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарыг яагаад эх оронд нь авч ирж чадахгүй байна вэ?
-Тэр хоёр хүн АНУ-д байгаа. АНУ-д манай улс эрх зүйн туслалцааны гэрээгүй. Зориуд тийм улс руу явсан байна.
