Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
1 цагийн өмнө
652
Ойрх Дорнодод байдал огцом хурцдаж, Иран, Израиль, АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн өрнөж эхэллээ

Зургийн эх сурвалж: CNN World

2026 оны хоёрдугаар сарын 28-нд Ираны арми Израилийн эсрэг анхны өргөн хүрээний “давшилтын ажиллагаа”-аа явуулсан тухайгаа мэдэгдсэн бөгөөд хэдэн арван нисгэгчгүй нисэх онгоцоор цохилт өгсөн гэж мэдээлэв. Ираны армийн мэдэгдлийг ISNA агентлаг дамжуулж, “түрэмгийлэлд өртсөн нутаг дэвсгэр дэх тодорхой бай болон сионист дэглэмийн бүх байгууламжийг онилсон” гэж тайлбарласан байна.

Энэ нь АНУ, Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж, Ираны томоохон хотууд, тэр дундаа нийслэл Техран цохилтод өртсөний дараах хариу алхам байв.

Цагаан ордон уг довтолгоог Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрөөс үүдэх аюулыг арилгах зорилготой гэж тайлбарласан.

Үүний дараа Исламын хувьсгалыг хамгаалах корпус өргөн хүрээний хариу ажиллагаа явуулж байгаагаа зарлаж, пуужин болон дроноор Израиль болон бүс нутаг дахь АНУ-ын цэргийн бааз байрлаж буй улсуудад хариу цохилт өгсөн тухай мэдээллүүд гарчээ. Израилийн Тель-Авив хотод агаарын түгшүүрийн дохио дуугарч, Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Саудын Араб дахь АНУ-ын цэргийн баазууд ч цохилтод өртсөн гэх мэдээлэл тархсан.

Үүнтэй зэрэгцэн Вашингтоноос шуугиан тарьсан мэдэгдэл гарлаа.

Зургийн эх сурвалж: CNN World

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “үхсэн” гэж мэдэгдэж, үүнийг Ираны ард түмэн “улсаа буцаан авах хамгийн том боломж” хэмээн тодорхойлов. Тэрбээр Хаменеи Израильтай хамтран ажилласан Америкийн өндөр технологийн мөрдөн илрүүлэх системээс зугтаж чадаагүй гэж онцолсон бөгөөд Исламын хувьсгалыг хамгаалах корпусын зарим гишүүд дайтахыг хүсэхгүй, АНУ-аас хамгаалалт хайж байна хэмээн бичжээ.

2026 оны 03 дугаар сарын 01-ны өглөө Израилийн  орон нутгийн мэдээллийн сайтаар энэ мэдээллийг баталсан байна. Мөн Израиль, АНУ-ын цохилтоор Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч генерал Мохаммад Пакпур, Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Шамхани, Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде нар амиа алдсан гэж мэдээлжээ.