

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр болон УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүн намын зөвлөлийн дарга П.Ганзориг нар Азийн хөгжлийн банкны төлөөллийн хамт өнгөрөгч амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.
Баасан гарагийн өглөө Мөрөн суманд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Оны эхэнд Ерөнхий сайдтай хамт ирэхдээ яригдсан асуудлуудыг шуурхай шийдэхээр эргэн ирж байгаад талархаж байна. Хөвсгөл аймаг бол хамгийн орлого багатай, татаас ихтэй аймаг. Тэр дундаа Дархадын сумд маш хүнд нөхцөлд байгаа. Тухайлбал, Цагааннуур сумын галлагаатай сургуулийн байрыг шинэчлэх гээд тендер зарлахаар оролцох аж ахуйн нэгж олддоггүй. Рэнчинлхүмбэ сумын сургуулийн хана хагарч цуурсан байдалтай байгаа.” хэмээн нөхцөл байдлыг танилцуулав.
Тус аймагт 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5440 суудалтай 10 сургууль, 800 ортой зургаан цэцэрлэг, 840 ор бүхий таван дотуур байр, нэг спорт заал, нэг МБТБ-ын барилга гээд нийт 175.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 барилга байгууламж баригдаж буй. Үүнээс 2026 онд санхүүжих дүн нь 39,6 тэрбум төгрөг. Мөн АХБ-ны тусламжаар хоёр төсөл хэрэгжиж байгаа юм.
Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл бямба гарагт Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллаж, ЕБС болон СӨББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Дархадын хотгорт үзэсгэлэнт байгальд оршдог энэ сум дархад, тува ястан болон халх үндэстнээс бүрдсэн 2200 орчим хүн амтай. Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдаас гадна ОХУ-ын Буриад болон Тува улстай хиллэдгээрээ онцлогтой.
Улсын хэмжээнд яндантай зуух ашиглаж байгаа хоёр сургууль байгаагийн нэг нь энэ сумынх. Мөн цэцэрлэг бас галладаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд ашиглалтад орохоор хүүхдүүд дулаан, тав тухтай байранд сурч хөгжих нөхцөл бүрдэнэ.
Харин сургуулийн тухайд хуучин барилга нь 1999 онд галд шатсан тул нутгийн иргэдийн санаачилгаар олон улсын байгууллагуудын хандив дэмжлэгээр шинэ сургуулийн барилга барьсан байдаг. Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул гээд дархадын гурван сумын 264 мужаан ур ухаанаа дайчлан жил хүрэхгүй хугацаанд барьж босгосон энэхүү барилга нь түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэдий ч өнөө цагт хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах шаардлага хангахгүй болсон.
2024 оны төсөвт шинэ сургууль барих зардлыг тусгаж, есөн удаа тендер зарласан ч гүйцэтгэх компани олдоогүй. Учир нь газар зүйн байршлын хувьд алслагдсан тул тээврийн зардал өндөр гардаг, хөрс нь зөөлөн, намаг ихтэй болохоор өндөр даацын ачааны тэрэг явахад хүндрэлтэй байдаг гэх мэтчилэн өртөг зардал өндөр гарах учраас аж ахуйн нэгжүүд алдагдалд орохоос болгоомжилж, зориглож ордоггүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байна. 2025 оны хувьд төсвийн хэмнэлтийн хүрээнд зөвхөн өмнөх онуудад эхлүүлсэн барилгуудыг үргэлжлүүлэн барих бодлого барьж ажилласан.
Харин энэ удаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 320 суудалтай шинэ сургууль барихаар шийдвэрлэснийг Боловсролын сайд П.Наранбаяр дуулгахад сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүд талархалтайгаар хүлээж авлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, П.Ганзориг нар тус суманд ажиллах үеэрээ иргэдтэй мөн уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Цагааннуур суманд ажилласны дараа мөн аймгийн Рэнчинлхүмбэ суманд ажиллаж, ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн барилгын хана цуурсан талаар нийгмийн сүлжээнд гэрэл зураг болон дүрс бичлэг цацагдахад олон нийт салбарын яам шийдэж өгсөнгүй хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан. Уг барилга нь 2017 онд баригдаж эхэлсэн бөгөөд "Хөвсгөл суварга” ХХК барилгын ажлыг 75 хувьтай гүйцэтгээд байхдаа санхүүжилтээ бүрэн авч, дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авсан байдаг. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд хянан шалгаж байгаа.
Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих ёстой. Иймд барилгын ажилтай холбогдох маргааныг хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэхийг хүлээлгүйгээр сургуулийн барилгыг гүйцээх шаардлагатай хэмээн үзэж, уг төслийг дэмжиж, хамтран ажиллахыг Азийн хөгжлийн банкаас хүссэн. Тус банкны төлөөлөл газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, зохих судалгааг хийсний үндсэн дээр хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан юм. Ийнхүү 2019 оноос хойш "царцсан" сургуулийн барилгыг дуусгахаар боллоо.
УИХ-ын гишүүн П.Ганзориг “2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төсвийн хэлэлцүүлгийн үеэр Хөвсгөл аймгийн сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад онцгой анхаарч ажиллалаа” хэмээв.
Хөвсгөл аймгийн газрын хөрс мөнх цэвдэгтэй, энэ нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдгийг уулзалтын үеэр нутгийн удирдлага хэлж байв. Иймд мөнх цэвдгээс үүдэж гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд барилгын суурийг тавихад онцгой анхаарах ёстойг салбарын сайд анхааруулж байлаа.
Ийнхүү салбарын сайд П.Наранбаяр болон УИХ-ын гишүүн П.Ганзориг нар Хөвсгөл аймагт ажилласнаар тус аймагт тулгамдаад буй уламжлалт галлагаатай сургуулийн барилгыг шинэчлэх, дутуу, чанаргүй барьсны улмаас ашиглалтын шаардлага хангахгүй байгаа сургуулийн барилгыг гүйцээн сайжруулах санхүүжилтийг Азийн хөгжлийн банкаас хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр боллоо.
