Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.03.02 12:29
240
Б.Цогзолмаа: 0-16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар өдөр бүр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй

Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт төрийн өмчийн бүх музей “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Энэхүү өдрүүдээр Чингис хаан Үндэсний музей нь ачааллаас хамааран хамгийн сүүлийн үзэгчийг 15:00 цагт хүлээн авч байна.

Нээлттэй өдөрлөгийн талаар Боловсролын ажилтан Б.Цогзолмаагаас тодрууллаа.

- Энэхүү өдрүүдээр музейг зорих үзэгчдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр өссөн хандлагатай байна вэ?

Мэдээж жил бүр энэхүү өдөрлөгөөр маш олон хүмүүс музейг зорин ирсээр байна. Тиймээс хуулийн дагуу 0-16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар өдөр бүр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй учраас эцэг эхчүүд маань заавал энэ өдрүүдэд гэлтгүй энгийн өдрүүдэд ч хүүхдүүддээ музейг үзүүлэх бүрэн боломжтой.

- Өдөрлөгөөр дамжуулан хэдэн төрлийн хөтөлбөр зохион байгуулж байгаа вэ? Онцлох хөтөлбөрийн талаар дурдвал?

Манайх энэхүү өдөрлөгөөрөө 30 гаруй төрлийн хөтөлбөр зохион байгуулж байгаа. Тиймээс хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа ирж музейгээ хэдэн ч удаа үзэж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж, хичээлээс гадуурх практик цаг дээр  хичээлийн шугамаар музейд ирж үйлчлүүлэн түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтой.

- Арга хэмжээг зохион байгуулснаар гарч буй бодит үр дүнгээс хуваалцвал?

Иргэд, хүүхдүүд маань Монголынхоо түүх соёл ямар агуу болохыг мэдэхийн зэрэгцээ түүхийнхээ талаар илүү ихийг мэдье гэсэн хүсэл эрмэлзэл нэмэгдсээр байна. Өмнө нь музейгээ үзчихээд л гардаг байсан бол одоо нарийн лавшруулан асуусаар байгааг нь харах үнэхээр таатай байна.

Музейг үзэж байгаа иргэний сэтгэгдэлээс:

"Чингисийн музейг анх удаа үзэж байна. Монголын маань өв түүх соёлыг харуулсан гайхалтай музей байна. Зорин ирсэн гол шалтгаан маань Чингис хааны хүлээлгийн танхимыг үзэж, хөрөгийнх нь дэргэд зурагаа даруулах байлаа. Түүхээ мартсан хүн “Ойд төрсөн сармагчин лугаа” гэдэг учраас ялангуяа залуучууд маань энэхүү өдөрлөгөөр музейгээ зорин ирж, түүх соёлтойгоо танилцаасай гэж уриалж байна."

Үүнээс гадна үзэгч та музейн Чингис хаан Хүндэтгэлийн өргөө, Алтан шүтээн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бол төлбөртэй, байнгын үзүүллэгийн танхимуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Сурвалжилга үзэх: