

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.1.2-д “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.”, 2.1.1.3-т “Хиймэл оюун ухааныг ашиглан иргэн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ.”, 2.1.1.4-д “Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулж, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн 102-т “Гэр бүлийн дэмжих тухай (Анхдагч хууль) гэж тус тус заасан зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд тус Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиар эх, хүүхдийн хөгжлийг дэмжих, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх, гэр бүлд хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангах замаар гэр бүлийн тогтвортой сайн сайхан байдал, хөгжлийг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" анхдагч хууль хэрэгжсэнээр гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгааг хангах, ажил болон амьдралын тэнцвэрийг дэмжих чиглэлд томоохон эерэг өөрчлөлтүүд гарах хүлээлттэй байна.
"Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" хуулийн төсөл нь нийт 6 бүлэг, 32 зүйлтэй.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн онцлох заалтууд:
-Үндэсний өв соёл, уламжлал, гэр бүлийн үнэт зүйлийг хүндэтгэх.
-Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэний журамт үүргийг төрөөс дэмжих.
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх.
-Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлнэ.
-Хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл орон сууцны төлбөрийн 5 хувьд хүрсэн бол урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана.
-Олон хүүхэдтэй, ахмад настантай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд түрээсийн орон сууцанд хамруулна.
-3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрлэгчдийн аль нэгний, эсвэл 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг татвараас бүрэн чөлөөлнө.
-4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа борлуулбал төлсөн татварыг нь нэг удаа буцаан олгоно.
-Гэр хороололд байгальд ээлтэй эко жорлон барихад зарцуулсан 3 сая төгрөг хүртэлх зардлыг татвараас хөнгөлнө.
-Сургуулийн өмнөх болон бага боловсролын хүүхэдтэй ажилтны ажлын цагийг цалинг нь хасахгүйгээр 2 хүртэлх цагаар богиносгож болно.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн асарч буй ажилтан жилд 3 сар хүртэлх хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ ажиллах боломж бүрдэнэ.
-Өвлийн амралтын үеэр ээлжийн амралтаа авсан сургуулийн насны хүүхэдтэй ажилтанд нэмэлт 2 хоногийн амралт олгоно.
-Гэрлэлтийн хариуцлага, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн төсөв, санхүүгийн чиглэлээр төрөөс системтэй сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна.
-Гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц нэвтрүүлж, урьдчилгаа сэргийлэх эрт илрүүлэгт гэр бүлээр нь хамруулна.
-Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай болон архи, дэлгэцийн хамааралтай гишүүнтэй гэр бүлд төрөөс сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг тусгайлан үзүүлнэ.
Энэхүү хуулийн төсөл нь гэр бүлийг зөвхөн нийгмийн нэгж гэж харахаас илүүтэйгээр тэдний эдийн засаг, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, ажлын байрны таатай нөхцөлийг төрөөс бодлогоор дэмжих цогц зохицуулалт болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
