m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.03.03 17:19
158
Байр суурь: Цалинтай ээжийн 50 мянган төгрөг амьдралд нь хүрэлцдэг үү?

Иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох өргөдөл санаачилж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Д.Төгс-Арвижих санаачилсан бөгөөд одоогоор 54.855 иргэн гарын үсэг зурсан байна. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.

-Монголынхоо хүн амыг өсгөхийн тулд ээжүүддээ дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал. 50 мянган төгрөг юунд ч хэрэглэж хүрдэггүй, нэг орой хоолонд ороод л дуусах мөнгө. Тийм учраас цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэхийг нь дэмжиж байна.

-Бүтэн сарын турш гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүн 50 мянган төгрөгөөр амьдарна гэж юу байхав. Болдог бол цалингийн доод хэмжээгээр тооцоод өгдөг болмоор байна. Хоёрын хооронд бэлгэ тэмдэг төдий зүйл өгч байснаас өгөөгүй нь дээр.

-Зах зээлийн үнэ ханш, өртөг ямар байгаа билээ. Гурван жил нэг гэр бүлийн нэг хүн нь ямар ч орлогогүй сууж байхад 50 мянга байтугай 500 мянган төгрөг ч амьдралд нь хүрэлцэхгүй ш дээ. Хурдан нэмэгдүүлэхийг л шаардаж байна.

-Инфляци ямар байгаа билээ дээ, яаж 50 мянган төгрөг амьдралд хүрэлцэх вэ дээ. Нярай хүүхэд өдөрт хичнээн памперс хэрэглэж байгаа билээ. 50 мянган төгрөг өдрийн хэрэглээндээ л зарцуулагдаж байна. Цалинтай ээжийн мөнгийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.

“D.parliament”-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн тус саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэгдэх журамтай. Тус өргөдөлд санал авах хугацаа ирэх сарын 14-нд дуусна.