Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
56
Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

“2023-2027 онуудад НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дүгнэж хэлэлцэх Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны техникийн хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.Энхболд Засгийн газрыг төлөөлсөн холбогдох яамдын болон НҮБ-ын байгууллагуудын эксперт, мэргэжилтнүүд оролцов.

2023–2025 оны хугацаанд НҮБ нь Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвэр эрчим хүчний шилжилт, цахим шилжилт, залуучуудын хөгжлийг дэмжих, хүртээмжтэй, хүн төвтэй засаглалыг бэхжүүлэх зэрэг олон салбар, чиглэлээр нийт 160 орчим хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна.

Энэхүү хурал нь эдгээр хүчин чармайлт нь зорилтот бүлэгтээ хүрч, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа эсэх, тогтвортой системийн түвшний нөлөөллийг бий болгож байгаа эсэхийг үнэлэх боломж олголоо.

2023–2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 224.6 сая ам.доллар шаардлагатай. 2025 оны эцсийн байдлаар 130.3 сая ам.доллар зарцуулсан бөгөөд 2026–2027 онд хэрэгжүүлэхэд зориулан 27 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна.

НҮБ нь хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зорилтот бүлэгтээ тодорхой үр дүнгээ өгч байна.

Тухайлбал:

  • Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлсэн. Мөн Хүний папилома вирусын халдварын эсрэг вакцинжуулалтыг дэмжсэнээр зорилтот насны охидын хамралт 54.6%-дхүрсэн.
  • НҮБ-ын дэмжлэгтэй хөтөлбөрүүдээр дамжуулан 25,820 гаруй хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлсэн.
  • Хүүхдийн хөгжил, цахим болон олон нийтэд суурилсан суралцахуйн хөтөлбөрийн шинэчлэлийн үр шимийг 27,000 гаруй суралцагчид хүртжээ.
  • Цахим төвүүд, сургууль, олон нийтэд суурилсан мэргэжлийн ур чадварын хөтөлбөрт 37,000 гаруй суралцагч хамрагдаж, ур чадвараа хөгжүүлсэн.
  • 2,694 залуучууд техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТМСТ), дижитал ур чадвараар хангагдсан байна

Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орныг хамгаалах чиглэлээр дараах үр дүнг онцолж байна. Үүнд:

  • Үндэсний үйлдвэрлэгчид, өртгийн сүлжээг бэхжүүлж, хөдөө аж ахуй болон газрын тогтвортой менежментийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 1,480 гаруй хүн, аж ахуйн нэгч бизнес эрхлэх болон техникийн ур чадвараа бэхжүүлж, орлогоо нэмэгдүүлсэн.
  • Хот суурин газар, хүн амын суурьшлын бүсэд уур амьсгалын өөрчлөлт, гамшгаас сэргийлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 760,140 гаруй хүн хүртэв.
  • УБ хотын гэр хороололд ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулсанаар 366,900 гаруй хүн эрүүл ахуйн нөхцлөө сайжруулжээ.
  • Нийт 20,632 хүн цэвэр, эрчим хүчний халаалт, дулаалгын шийдлүүдийн ашиг тусыг хүртжээ. Тухайлбал, УБ хотын гэр хорооллын 17,430 иргэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр гэрээ дулаалж, дулаан гэрт тохьтой өвөлжиж, мөн нүүрсний хэрэглээнээс татгалзжээ.
  • Сургууль, цэцэрлэг болон багийн төвүүдэд нарны дулааны болон газрын гүний дулааны насосын системийн суурилсанаар 1,081 хүүхэд, багш нар эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байранд суралцаж байна.

Хамтын ажиллагааны хүрээ дунд шатандаа орж, дараагийн мөчлөг (2028–2032)-ийн бэлтгэл эхэлж буй энэ үед оролцогчид хамтын төлөвлөлтийг бэхжүүлэх, зорилгодоо тодорхойлсон үр дүнд хүрэхэд ахиц гаргах, яам хоорондын уялдааг сайжруулах, тоон болон чанарын үр дүнг ил тод хянах зэрэгт анхаарах ёстойг онцлон тэмдэглэлээ.