Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.03.05 11:02
441
Хятад улс “төрөлтөд ээлтэй нийгэм” байгуулахаар төлөвлөж байна

Зургийн эх сурвалж: Reuters

БНХАУ төрөлтийн түвшин буурч, хүн амын хөгшрөлт эрчимжиж буйтай холбоотойгоор “төрөлтөд ээлтэй нийгэм” байгуулах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Хятадын Засгийн газрын тайланд дурдсанаар, эрх баригчид ирэх жилүүдэд гэр бүлүүдийг хүүхэдтэй болоход илүү таатай орчин бүрдүүлэхийн тулд нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэнд, боловсрол болон орон сууцны бодлогыг сайжруулах арга хэмжээ авах юм.

Тус улс төрөлтийн түвшин огцом буурч байгаатай холбоотойгоор залуу гэр бүлүүдийг дэмжих бодлогыг өргөжүүлэхээр зорьж байна. Үүнд:

  • - Жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
  • - Хүүхэд өсгөхтэй холбоотой санхүүгийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх
  • - Гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн орчин, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах мөн төрөлхийн гажгийг эрт илрүүлэх, эмчлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх зэрэг багтаж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын хүн амын тоо буурах хандлагатай болсон бөгөөд 2025 онд хүн ам дараалан дөрөв дэх жилдээ буурсан нь төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрснийг харуулж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь урт хугацаанд хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

Хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятад улс ахмад настнуудад чиглэсэн үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу “мөнгөн эдийн засаг” (silver economy)-ийг дэмжих бодлого баримтлахаар төлөвлөж байна.

Албан ёсны тооцоогоор, 2035 он гэхэд Хятадад 60-аас дээш насны хүмүүсийн тоо 400 саяд хүрэх төлөвтэй байгаа нь АНУ болон Европын зарим том улсын нийт хүн амтай дүйцэх хэмжээ юм.

Шинжээчид Хятад улс хүн амын бууралт болон хөгшрөлтийн дарамтыг даван туулахын тулд төрөлтийг дэмжих бодлого, нийгмийн хамгааллын шинэчлэлийг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.