

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар товлосон.
Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусах бөгөөд орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
-нас барсан;
-хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
-гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
-тухайн орон нутгаас шилжсэн;
-төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрсөн (Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1);
-Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.
Хуульд заасны дагуу орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-аас өмнө товлон зарлана.
