

Ойрх Дорнодод үүсээд буй Иран, Израилын хоорондын зөрчил зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд хоёр тал пуужин, нисгэгчгүй онгоц ашиглан харилцан довтолж, уг мөргөлдөөн бүс нутгийн хэд хэдэн улсад нөлөөлж эхэлсэн билээ.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас Иранд 1000 гаруй энгийн иргэн амь насаа алдсан байж болзошгүй бол Ливанд Израилын агаарын цохилтын улмаас дор хаяж 70 гаруй хүн нас барсан талаар мэдээлжээ. Мөн олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэж буй аж.
Бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадмал буйтай холбоотойгоор олон улсын нислэгүүд саатаад байгаа билээ. Одоогийн байдлаар Ойрх Дорнодын 10 гаруй улс руу чиглэсэн 11 мянга орчим нислэг цуцлагдсан бөгөөд олон зуун мянган зорчигч аяллын төлөвлөгөөндөө өөрчлөлт хийхэд хүрчээ.
Агаарын тээврийн компаниуд тухайн бүс нутгийн агаарын орон зайг түр хугацаанд хаах, эсвэл нислэгийн чиглэлээ өөрчлөх шийдвэр гаргаж байна.
АНУ болон түүний холбоотнуудын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны эхний 100 цагийн зардал ойролцоогоор 3.7 тэрбум ам.долларт хүрсэн гэж шинжээчид тооцоолжээ. Мөргөлдөөн удаан үргэлжилбэл бүс нутгийн тогтвортой байдалд төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Мэдээний эх сурвалж: CNN
