Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.03.06 16:48
250
“Ozempic” донтох эмгэгийг эмчлэх боломжтой

Жин хасахад өргөн хэрэглэгдэж буй GLP-1 төрлийн эмүүд донтох эмгэгийг эмчлэх шинэ боломж болж магадгүй гэсэн судалгааны үр дүн нэмэгдэж байгаа талаар CNN мэдээллээ.

Анх чихрийн шижин болон таргалалтын эмчилгээнд зориулан батлагдсан Ozempic, Wegovy, Mounjaro, Zepbound зэрэг эмүүдийг өнөөдөр АНУ-д сая сая хүн хэрэглэж байна.

Эдгээр эм нь гэдэс болон тархинд зэрэг нөлөөлж, хоол боловсруулах үйл ажиллагаа, инсулин болон хоолны дуршлыг зохицуулснаар жин бууруулахад тусалдаг. Уг төрлийн бэлдмэлийг хэрэглэгчид “Байнга идэх хүсэл төрүүлдэг “хоолны шунал”-ыг ихээхэн багасгаснаар жин хасахад ихээхэн нөлөөлдөг” гэж тайлбарладаг байна.

Эдгээр төрлийн бэлдмэлүүд нь зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, нойрны апноэ, бөөрний зарим өвчинд эерэг нөлөө үзүүлж байгааг өмнөх судалгаанууд харуулсан бол одоо судлаачид эдгээр эмүүдийг архины болон бусад бодисын хамааралтай донтох эмгэгийн эмчилгээнд ашиглах боломжийг судалж эхэлжээ.

Оклахома мужийн их сургуулийн фармакологи, физиологийн профессор доктор Кайл Симмонсийн хэлснээр “Хэрэв эдгээр эм донтох эмгэгийн эмчилгээнд аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдвал аль хэдийн өргөн хэрэглэгдэж буй учраас донтох эмгэгийн хамгийн түгээмэл эмчилгээний нэг болж магадгүй” гэжээ.

Одоогоор уг чиглэлийн судалгааны ихэнх нь амьтанд хийсэн туршилтад тулгуурлаж байгаа бөгөөд GLP-1 эмүүд тархины таашаал мэдрүүлэх системд нөлөөлж, донтох зан үйлийг бууруулж болохыг харуулсан. Мөн эдгээр эмийг өөр өвчний эмчилгээнд хэрэглэж буй хүмүүсийн дунд архи болон бусад донтох зан үйл буурсан тухай бодит үр дүн  ажиглагдаж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн судалгаанд оруулах хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байгаа бөгөөд архины хамаарал болон GLP-1 эмүүдтэй холбоог судлаж буй хэд хэдэн томоохон туршилтын үр дүн ойрын зургаан сарын дотор гарах төлөвтэй байна.

Хэрэв эдгээр судалгаанууд амжилттай болбол жин хасах эмүүд ирээдүйд донтох эмгэгийн эмчилгээний шинэ арга болох боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Мэдээний эх сурвалж: CNN