

Ираны төрийн дээд удирдагчаар Можтаба Хаменеи сонгогдсон тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэрээр өмнөх дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн хүү бөгөөд Ираны шашны дээд байгууллага болох “Шашны ахмад лам нарын зөвлөл”-ийн шийдвэрээр томилогдсон гэж мэдээлжээ.
Өмнөх дээд удирдагч асан Али Хаменеи АНУ болон Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн гэх мэдээллийн дараа Иран шинэ удирдагчаа сонгох үйл явц эхэлсэн байна. Өдгөө 56 настай Можтаба Хаменеи нь өмнө нь сонгогдсон төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй ч Ираны улс төр, аюулгүй байдлын хүрээнд нөлөө бүхий хүн гэж шинжээчид үзэж байна.

Ираны удирдлагын энэ өөрчлөлт Ойрхи Дорнод дахь зөрчилтэй давхцан гарснаар дэлхийн эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж эхэлжээ. Израил, АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ огцом өсөж, Brent төрлийн нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар бүс нутгийн мөргөлдөөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг нефтийн тээвэрлэлтийг тасалдуулах эрсдэл үүсгэж байгаа нь зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна. Дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь энэ хоолойгоор дамждаг тул нөхцөл байдал хурцадвал эрчим хүчний зах зээлд илүү хүчтэй нөлөөлөх магадлалтай гэж ажиглагчид анхааруулж байна.
Шинэ дээд удирдагчийн томилгоо нь Ираны улс төрийн ирээдүй, бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлж болзошгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
