

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Ойрхи дорнодод болж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн түүхий нефтийн 20 хувь дамжин өнгөрдөг хоолойд асуудал тулгарч байна. Ийм асуудал өмнө нь гурван удаа үүсч, дэлхийн нефтийн үнэд огцом өөрчлөлт орж байсан. Одоогийн байдлаар түүхий нефть баррел тутамдаа 110 орчим доллар болсон байна. Манай улсын нийт импортын 97 хувийг дангаараа хариуцдаг ОХУ-тай бид холбогдож, хангамж таслахгүй гэдэг дээр тохиролцсон. 60 мянган тонн автобензин тогтвортой үнээр авах гэрээтэй. АИ-92 бензиний хувьд сарын хэрэглээ 80 мянган тонн орчим байдаг. Үүний 60 мянга нь тогтвортой үнээр орж ирэх нь байна. Үлдсэн 20 мянган тонн нь евро 5 маркийн бензин орж ирдэг. Дайны нөхцөл байдалтай холбоотой "Евро-5" бүх төрлийн бүтээгдэхүүний үнэд хөдөлгөөн орох нөхцөл байдалтай байна. Үнийн зөвлөлийг маргааш хуралдуулж, үнэд ямар хөдөлгөөн гарах талаар тооцоолол гаргах гэж байна. Дэлхий нийтээр л Евро 5 дээр хөдөлгөөн орох хүлээлттэй байна. Улсын хэмжээнд хадгалж чадах хэмжээнд нефтийн нөөц бүрдүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад нефт бүтээгдэхүүний агуулах барих саналтай ААН-ээс санал авна" гэлээ.
