

"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигч өнөөдрөөс эхлэн нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэд Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалантай биечлэн уулзаж, шаардлагынхаа хариуг авахаар хоёр дахь өдрөө яамны гадна хүлээж байна.
"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн ТУЗ-ын гишүүн Б.Энхтуяа "Манай компанид 24,552 иргэн хувьцаа эзэмшдэг. Гэтэл эрх мэдлээ ашиглан бусдын боломжийг хязгаарлаж байгаад бид гомдолтой байна. Манай үйлдвэрийн агуулахад 50 мянга гаруй зэс байгаа. Гэвч үйл ажиллагааг зогсоосон. Бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна. Өлсгөлөн зарлаж байгаа энгийн иргэд хохирвол Э.Бат-Амгалан сайд болон түүний дүүгээс хариуцлага нэхнэ. Тийм учраас Э.Бат-Амгалан сайдыг бид нартай уулзахыг шаардаж байна.
Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын хамаарал бүхий "Бат Девелопмент Партнерс" компаниар дамжуулан зэс борлуулж, зардлын нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан. Үүнээс зөвхөн НӨАТ-ын нэрээр гаргасан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгохыг шаардаж байна. Бид хувьцааныхаа өгөөжийг хүртмээр байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
