m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
1 цагийн дараа
290
“Дайн удаан үргэлжлэх тусам нефтийн үнэ өсөж, Иран ялах магадлал их болно"
Скотт Андерсон, Ойрхи Дорнод дахь туршлагатай сэтгүүлч тэрээр New York Times Magazine, Esquire, Vanity Fair сэтгүүлд ажиллаж, Ливан, Балканы хойг, Судан, Ливийн дайныг сурвалжилж байлаа. Скотт Андерсон хэдэн жилийн өмнөөс Ираны хувьсгалыг дагнан судалж, нууцаас гарсан баримт бичиг, дипломат архив, тухайн үеийн хэвлэл мэдээлэл, лалын хувьсгалд оролцсон зарим гол хүмүүстэй уулзаж ярилцан шах Мохамед Реза Пахлави хэрхэн унаж, Рухола Хомейни эрх мэдэлд хэрхэн гарч ирсэн тухай дуулиантай он цагийн дарааллыг сэргээн бичиж байв.
- Та Ойрхи Дорнодын дайн, мөргөлдөөнийг хэдэн арван жил сурвалжилсан. Тэгээд яагаад Ираны хувьсгал бол сайн өгүүлэгдээгүй түүх гэж бодох болов оо?
- Ираны хувьсгалыг олон жилийн турш зөвхөн орон нутгийн чанартай үйл явдал хэмээн харж ирсэн. Гэвч үнэн хэрэгтээ энэ хувьсгал асар их даяар үр дагавартай байсан. 1979 оноос хойш шашны хэт үндсэрхэг үзэл болон бүх шашин дахь хэт даврах үзлийн тэсрэлт болохыг бид харлаа. АНУ дахь үндсэрхэг христосууд, еврейн радикал суурингууд, Энэтхэг дахь муслимуудыг довтолдог хинди үндсэрхэг үзэлтнүүд гээд л... Хувьсгал тэдгээрийг бүтээсэн эсэхийг би мэдэхгүй, гэхдээ түргэсгэсэн гэдэг нь эргэлзээгүй. Дэлхийг өөрчилсөн хоёр том үйл явдал бол Зөвлөл холбоот улсын задрал болон Ираны хувьсгал.
- Таны ном шах, Рухола Хомейни, Жимми Картер гэсэн гурван гол фигурыг тойрон эргэлдсэн байсан. Та яагаад түүхийг энэхүү эрх мэдлийн гурвалжин дээр төвлөрүүлэхээр шийдсэн юм?
- Учир нь би их сонин юм олж харсан, энэ гурав хэтэрхий их тусгаарлагдаж, хайрцаглагдсан байсан. Та хэрвээ шах шиг хаадын хаан бол бусдыг нэг их сонсохгүй. Хомейни шиг Бурханы газар дээрх төлөөлөгч бол бас л хүмүүсийг сонсохгүй. Картерийн хувьд бас иймэрхүү зүйл болсон. Ираны хувьсгалын шийдвэрлэх цаг мөчид тэрээр өөр яаралтай, чухал асуудлуудад уягдаад завгүй байсан. Тэгээд би тэдгээр хүмүүсийг чухал шийдвэр гаргаж байхад өрөөнд нь хамт байсан хүмүүсээр дамжуулж тэр түүхийг сэргээн босгохыг хүссэн. Хийсвэр хүүрнэлээр биш, яг тэр хувьсгалын дундуур туучсан хүмүүсийн нүдээр хараасай гэж хүссэн юм.
- Хатан хаан асан Фарах Пахлеви зэрэг гол баатрууд, гэрчүүдийн ярилцлага номд багтсан. Тэдний дуу хоолой ямар нэмэр болсон бэ?
- Тэд түүхийг хүнлэг болгосон. Хувь хүний шийдвэр түүхийн урсгалыг өөрчилж болдог. Өнөөдөр бид үүнийг Трампаас харж байна. Фарах тун сонирхолтой байсан. Ахмад хүмүүс өнгөрсөн түүхээ тун нягт, бат өгүүлж сурсан байдаг ч энэ хуяг нь хааяа задрах мөч байдаг. Экс хатан хаан бид хоёр хувьсгалын дараа Ерөнхий сайд Амир Аббас Ховейдаг хэрхэн цаазалсан талаар ярилцсан. Тэр хоёр тун ойрхон харилцаатай байсан. Түүний хувь заяа шийдэгдэж байхад тэр хажууд нь байсан. Тэгээд яагаад өөрийгөө хамгаалахгүй байгаа юм гэж түүнээс асуугаад ихэд сэтгэл хөдөлсөн гэдэг. Амир “Та нарыг аврахын тулд” гэж хэлсэн гэдэг. Энэ их нэр төртэй хэрэг ч тун хачирхалтай.
- Анхандаа Хомейнийг бүгд л ихэд дутуу үнэлж байсан гэдэг. Тэр яаж эрх мэдэл рүү өгсөв өө?
- Энэ бол оньсого таавар. Тэр зүгээр л зөв цагт зөв газраа байсан уу, эсвэл харагдаж байснаасаа илүү зальтай нөхөр үү? Би бол хоёр дахь нь гэж боддог. Тэрээр Бурханы газар дээрх төлөөлөгч дээд удирдагч болж Ираныг радикал шашны улс болгон хувиргана гэж ил тод бичиж байсан ч энэ санаагаа нууцаар хэрэгжүүлсэн. Тэр зүгээр л хувьсгалын сэтгэл санааны удирдагч, хувьсгалын дараа тэр сүм рүүгээ буцаж очно гэж олон хамтрагч нь үзэж байлаа. Түүнийг үнэхээр дутуу үнэлсэн л дээ. Мөн авлигад идэгдэшгүй хүн гэсэн дүр төрх түүнд байсан. Гэтэл шахд ийм нэр хүнд байгаагүй. Шахын дэглэм дулдуйдалт, хахууль, ивээн тэтгэлгээр ажиллах нь их байлаа. Цөллөгт байсан Хомейни цэвэр, энэ бүгдээс хөндий байсан тул шашны тулгуур үзэлтнүүд төдийгүй оюутнууд, либералууд, ядуу иргэдийг өөртөө татаж чадсан юм.
- Ираны хувьсгал нь Франц, Оросын хувьсгал шиг дэлхийн бодлогыг өөрчилж чадсан гэж үздэг. Ираны хувьсгалын хамгийн том үр дагавар, легаси нь юу вэ?
- Ираны хувьсгал шашны хэт даврах үзлийг улс төрийн хүчин болгон хувиргасан нь маргашгүй үнэн. Бурханы нэрийн өмнөөс ямар ч зүйлийг зөвтгөж болох санаа нь дайн, аллага, шашны өөр бүлгийг мөрдөн мөшгихийг зөвтгөсөн шалтгаан болон хувирсан. Энэ үзэгдэл муслим шашин дээр хязгаарлагдалгүй бүх дэлхийн шашны үндсэрхэг хөдөлгөөн дээр ажиглагдах боллоо. Иран, Америкийн харилцаанд асар ихээр нөлөөлсөн. Элчин сайдын яамыг барьцаалснаар Америк ихэд доромжлуулсан мэдрэмж авсан. Тэгээд Иранаас өшөөгөө авах ёстой гэсэн үзэл Америкийн тодорхой бүлэг, давхаргад бий болсон юм. Энэ үзэл бодол АНУ-ын бодлогод хэдэн арван жилийн турш нөлөөлсөөр ирсэн.
- Өнөөдөр дайны улмаас Иран дэлхийн бодлогын төвд дахин орж ирлээ. Энэ мөргөлдөөн Иранд болон бүс нутагт хэрхэн нөлөөлөх бол?
- Энэ дайн хэрхэн дуусахыг төсөөлөхөд тун бэрх. Гэвч зарим зүйлийг баталгаатай хэлж болж байна: энэ дайн америкууд, Трампын санаснаар өрнөхгүй. АНУ-тай цэрэг, зэвсгээр үзэлцэж чадахгүй гэдгээ иранууд мэдэж байгаа. Тэгээд өөр стратеги сонгосон нь эдийн засгийг довтлох. Бүс нутгийг бөмбөгдөж байгаа нь нефтийн үйлдвэрлэл, аялал жуулчлалыг зогсоох зорилготой. Гол түлхүүр энд байна. Дайн удаан үргэлжлэх тусам нефтийн үнэ өсөж, Ираны ялах магадлал нэмэгдэнэ. АНУ-д бензин, шатахууны үнэ улс төрийн асар том хэмжүүр болдог. Нефтийн үнэ өссөөр байвал америкууд дайныг дэмжихээ болино. Трамп үүнийг мэдэж байгаа. Ямар ч улс өөр нэг улсад захирагдах дургүй. Ираныг шинэчилж байна гээд өөр нэг улсын аясаар болгохыг иранууд хүсэхгүй, ямар ч улсад үндсэрхэг үзэл, үндэсний бахархал гэж байдаг. Тэд бүгд өөрийн замаар явахыг хүсдэг. Вашингтон үүнийг сайн ухаарах ёстой.
 
Орчуулсан Б.Нямдорж