Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Тус төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 10 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд төмөр замын доод бүтцийн газар шорооны хөрс хуулах, жаазан гүүрийн их биеийн бетон цутгалтын ажил, дөрвөлжин болон дугуй хоолойн их биеийн бетон цутгалтын ажлыг нийт 13 байршилд хийсэн байна.Мөн нийт 9.5 км гүүр баригдахаас 1330 ширхэг шон суурь өрөмдөх, тулгуурын хөндлөн нуруу байгуулах, завсрын тулгуур барих ажлыг гүйцэтгээд байна.
Эрчим хүчний ажлын хүрээнд 35/10 кв-ын гурван хэлхээт түр цахилгаан хангамжийг 4 км уртад угсарч, барилга байгууламжийн ажлын хүрээнд суурин ухмалын ажил болон авто замын түвшин хэмжих ажлыг хийж гүйцэтгээд байгааг холбогдох албаныхан хэллээ.
Тус бүтээн байгуулалт нь нарийн царигийн 10.8 км, өргөн царигийн 8.7 км төмөр замтай, нийт 32.6 км дэлгэмэл урттай байх бөгөөд нарийн царигаар жилд 20 сая тонн, өргөн царигаар 30 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын экспортын хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн өртөг буурах ач холбогдолтой.
Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг хүнд ногдох дүнгээр 10 мянган ам.долларт хүрэх боломж бүрдэх эдийн засгийн тооцоолол бий.
Түүнчлэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусч, тээвэрлэлт эхэлснээр 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.
Цаашид Монгол, Хятадын Шивээхүрэн боомт–Сэхээ, Бичигт боомт-Зүүнхатавч, Ханги боомт-Мандал зэрэг хилийн боомтуудыг төмөр замаар шат дараатай холбох нөхцөл боломж бүрдэх юм.