m.mn
түрүүлж мэдээлнэ
Соёл урлаг
6 цагийн дараа
250
Дархлагдсан Т.Ариунаагийн дараагийн амбици

Дахиад л Т.Ариунаа... Дархлагдсан, давтагдашгүй, давагдашгүй Ариунаа...
 
Бүх цаг үеийн Домогт тоглолт алдрыг дархалсан, төв цэнгэлдэх хүрээлэнд 35 мянган хүн зэрэг ассан “Зүрх асна” тоглолтын цуурай татраагүй шахам байхад дахиад тоглолт хийх нь бас арай л “даварчихсан”, давчуу, бас зоригтой мэт. Гэвч цаг хугацаа ч, орон зай ч түүнд давчуу байсангүй.
Мэдээж хэрэг, төрөлхийн маркетер мэт араншинтай Т.Ариунаа үүнийг тооцоолсон, давтагдашгүй байх ямар нэгэн зүйл олж харсан л байгаа гэсэн хүлээлт байсан л даа. Хүлээлтийг ч давлаа.
Дахиад л бөөн эрч хүч, бөөн сюрприз, салж, ядан сэтгэл нь ханаагүй, тоглолт дуусаад байхад уяатай мэт эргэлдсэн үзэгчид...
Дахиад л давтагдашгүй, эрч хүчтэй, дайчин хөдөлмөрч гэдэг үгсийг хэрэглэхэд чамлагдам юм шиг...
Түүний өмнөх алдарт стадионы тоглолтын дараа “Ариунаагийн фенүүд тоглолт дуусчихаад байхад тарж өгөхгүй, Ариунаагаас ахиад тоглолт, ахиад эрч хүчийг хүсээд байна” гэж бичиж байсан юм. Энэ удаад ч мөн адил. Яасан ч хүсэл, хүлээлт нь оргилж байдаг олон фентэй юм бэ? Өөрөө ч ямар их оргилж, дуусдаггүй эрч хүчтэй юм бэ? Дахиад л давтагдашгүй, дахиад гялалзаж, гялтагнаж байх фенүүдийнхээ хүсэлтийг тэр хангалаа.
Хувцас, аксесур, тайзны шийдэл, хамтрагчдын сонголт... Бас нэг хүлээлт нь 10 сая үзэлт давж, бас нэг рекорт эвдсэн “Mixningstar”-ын Азаагийн араас хэн Ариунаатай хамтарч зүрхлэх вэ гэсэн сониучирхал байлаа. 20 гаруй жилийн хамтрагч Дэлгэрмөрөнгөө дахиад л урих уу? Хэцүү хүлээлт.
Харин тэр энэ удаад хамгийн зөв буюу уянгалаг алхмыг сонгожээ. Ялдам үст Ц.Байдраг, жаззын хаан Наагий... Эрэгтэй хүнд төдийлөн тохиромжгүй ч торгомсог үсээ намируулан хэзээд сүр дуулиан, сенсацигүйгээр үзэгчдийн чихэнд оршсоор, тайзны ард чимээгүйхэн үлддэг Байдрагийг ялдам үс, төгөлдөр хууртай нь тайзнаа сонгосон нь Эмэгтэйчүүдийн баярын тоглолтын ялдам, уянгалаг дүр төрхтэй яг сайхан тохирчээ.
“Чи минь”, “Үл таних эмэгтэй”, “Хайр харуусал”, “Анхны хайр”, “Жинжиймаа”, “Миний ээж”. . . Ээжийн хайр, бүсгүйн ялдам эгшиг, уянгалаг дурсамж Ээжийн хайр, бүсгүйн ялдам эгшиг, уянгалаг дурсамж. . . Жазз ын бараг л цорын ганц төлөөлөл болоод байгаа Наагий Ариунаатай “Зөвхөн тэр хайрандаа...” хоршсон нь магадгүй нэр төрийн ч хэрэг байсан байх.
Наагийг би балчир байхаас нь мэднэ гэж тодотгож байгаа “аниа”, багаасаа биширч сонссон гэж хүндэлж байгаа Наагий тэр хоёр дурлалт хосууд шиг л харагдаж байсан гээд бод доо.
Алдарт “Чамтай бас чамгүй” 22 жилийн өмнө 2004 онд дуулагдаж байсан дуу гээд дахиад бод. Мэдээж хэрэг гал цог, карнавал өнгө төрх, БИ гээ тунхагласан бардамнал байсаан байсан.
“Жаргаж үзээгүй зул”, “Зөвхөн тэр хайрандаа”, “Нандин учрал”…
Үе, үе хоолойны цар хүчээ гайхуулан дээд өнгө барих, хөгжимгүйгээр дуулах, дуун дундуураа үзэгчдээ өдөн сахилгагүйтэх нь амьд тоглолтоо гайхуулж буй уран бүтээлч хүний бас нэг бардамнал юм л даа.
Хаа ч явсан сийхгүй, “Хар тас”-ын Маркатай “Үггүй мордсон чи”, “Хар сарнай”-н Амараатай “Утасны чинь дугаар”. Зарим дууг нь сонсохоор “Энэ дууг “Зүрх асна” дээр дуулсан билүү, үгүй билүү” гэж тархиныхаа нугачааг ажиллуулмаар. Өнгө будаг өөрөөр хэлбэл, бүжиг дэглэлт, хувцас чимэглэлээ хуугаар нь өөрчилчихсөн болохоор шинэ юм шиг санагдаад байгаа хэрэг л дээ.
Жишээлбэл, гүнж, сахиусан тэнгэрийн дүрээр төв цэнгэлдэх хүрээлэнд заларсан “Хоёр нар”-ялдам Нэни төв бөгөөд донжлог дүр төрхийг сонгосон байх. Ариунаагийн хувцаслалт, донж маяг, бүжигчдийн харизмыг яриад ч яах вэ? Хэдэн ч удаа хувцсаа сольсон юм бэ, мэдэхгүй. Өмнөх зуунд, 1990-ээд оны төгсөлд цэнхэр үс, могойн шивээстэй “Утасны чинь дугаар” хангинуулж, Эрос эмижээр Монголыг доргиож байсан хүн л дээ. Мадонно шиг үсний засалт, бүр “101 дальмотин” хүүхэлдэйн киноны аймар эмэгтэй шиг дүр төрхийг ч харуулж байсан гээл ер нь түүнээс юу гарахыг төсөөлөх аргагүй. Угаасаа хувцаслалт, бүжиглэлт, тайзыг эзэгнэх, үзэгчдийг байлдан дагуулах харизм ... жиших уран бүтээлч байхгүй л дээ, өнөөдөртөө Монголд
Одоо ч фенүүд нь ам дамжин шагшсаар байгаа "Зүрх асна" тоглолт 35 мянган хүн, үүнээс ердөө л дөрвөн сарын дараа Дарханд болсон тоглолт "М банк арена"-гийн тоглолт нийлээд ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд 50 мянган хүн тоглолтонд нь зүрхээ асаасан гэдэг бас л нэг рекорд.
Гэтэл одоо дахиад л түүнээс төсөөллөөс давсан юу хүлээхээ бас мэдэх аргагүй. Нэгэнтээ УИХ-ын дарга Н.Учралын хэлсэнчлэн “ДАРХЛАГДСАН УРАН БҮТЭЭЛЧ” гэдэг тодорхойлолт, саяхан хүлээн авч бас л шуугиан болсон GRAND AWARDS-ын Шилдгийн шилдэг ДОМОГТ ТОГЛОЛТ цом одоохондоо хангалттай, одоохондоо шүү...
Төв цэнгэлдэх хүрээлэнг гурван удаа дүүргэчихсэн, цирк, Буянт Ухаа ... Монголд байж болох бүх тайзыг эзэгнэчихсэн. Тэнгэрээс нисч, их бууны амнаас шидэгдэж, агаарын акробат хийж... Ер нь юу эсийг үзүүлэв?
40 жил тайзнаа гялалзаж, үй олон рекортын эзэн болж, ДОМОГТ ТОГЛОЛТ-ын цомыг дархан эрхтэй хүртсэн, дархлагдсан Ариунаагийн дараагийн амбици юу байж болох вэ? Балхжав ах бид хоёр таашгүй. . .
Магадгүй 35 сая хүн амтай Өвөрмонгол... Ардын жүжигчин цол...
Балхжав ах бид хоёр Т.Ариунааг ямар таах биш??? Хэзээ ч ханадаггүй, уйддаггүй хэзээ ч зэрэг асч чаддаг үзэгчид нь харин таасаар хүлээсээр байх биз
А.Туяа