

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайт Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг “Зэс эрдэнийн хувь” ХХК-иас 30 тэрбум төгрөг залилж завшсан гэх хэргээр АТГ-т шалгуулахаар тус компанийн хувьцаа эзэмшигчид хандсан. Мөн хувьцаа эзэмшигчид БХБОС-ын яамны гадна талбайд жагсаж, нойтон өлсгөлөн зарлаад буй.
Хувьцаа эзэмшигчид Э.Батбаяр 30 тэрбум төгрөг завшиж, тэр мөнгө нь Э.Бат-Амгалангийн халаасанд орсон гэдгийг хэлж байгаа. Уг асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. Тэгвэл 30 тэрбумын хэрэгт ороолцолдож, хувьцаа эзэмшигчидтэй уулзахгүй, уулзах шалтгаан байхгүй гэж хэлсэн Э.Бат-Амгалан сайдын эхнэрийн дүүгийн барьж буй хаус хотхоны асуудал мөн хөндөгдөж байна. Уг асуудал дээр яригдаад байгаа 30 тэрбумтай ч холбоотой байж болзошгүй байна.
Тодруулбал, Э.Бат-Амгалангийн эхнэр Б.Заяагийнх нь төрсөн дүү Б.Алгаа гэх залуу бий. 2016 онд Э.Бат-Амгаланг БЗД-ээс НИТХ-ийн төлөөлөгч болохтой зэрэгцээд хадам дүү Б.Алгаа нь “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” НӨҮГ-ын Засвар, үйлчилгээний албаны даргаар томилогдож, 2022 он хүртэл зургаан жил энэ байгууллагад ажилласан. Тухайн үед Б.Алгаа нь жилдээ 20 сая төгрөгийн орлоготой, хоёр өрөө байр, “Pruis-20” машинаас өөр өмчгүй мэдүүлж байжээ. Гэтэл хадам дүү болох нь Б.Алгаа нь 2024 оны гуравдугаар сард “Хан Баянзүрх аз хур хишиг” ХХК-ийг байгуулж, 20-р хороо, Гачууртын Хар усан тохой буюу Туул голын эрэгт 4.2 га газартай болсон.
2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ газар дээрээ “Nova nest town” гэх хаус хотхоныг барьж эхэлсэн байгаа юм. Улмаар 2025 оны тавдугаар сард “Nova nest town” хотхоныхоо 1-р ээлжийн 16 айлын хаусыг ашиглалтад оруулсан байна. Тус хотхоны үнийг судлаад үзэхэд 206 мкв талбайтай нэг хаусыг 1.2 тэрбум төгрөг, 131 мкв талбайтай нэг хаусыг 721 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Ингээд нэг хаус нь дунджаар 1 тэрбум төгрөг гэж тооцвол Б.Алгаа нь 16 айлын хаусаа 16 тэрбум төгрөгөөр борлуулсан байгаа юм. Одоогоор “Nova nest town” хотхоныхоо 2-р ээлжийн 26 айлын хаусын барилгын ажил эхэлжээ. Ирэх наймдугаар сард ашиглалтад орох аж.
2027-2029 оныг дамнуулан “Nova nest town” хотхоныхоо 3,4,5-р ээлжийн хаусуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хамгийн гол асуулт нь 2022 он хүртэл “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” НӨҮГ-т ажиллахдаа жилд 20 сая төгрөгийн төсвийн цалинтай, хоёр өрөө байр, “Pruis-20” машинаас өмчгүй байсан Б.Алгаа яаж бүхэл бүтэн “Nova nest town” хаус хотхоныг барих, санхүүжүүлэх мөнгөтэй болсон бэ?
Цаг хугацааны хувьд, Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр 2023 оноос эхлээд “Зэс эрдэнийн хувь” ХХК-аас мөнгө завшиж эхэлсэн, харин хадам дүү Б.Алгаа нь 2024 оноос “Nova nest town” хотхоныг барьж эхэлсэн. Тэгэхээр Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан төрсөн дүү Э.Батбаярынхаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-аас завшсан 30 тэрбум төгрөгийг хадам дүү Б.Алгаагаараа дамжуулан “Nova nest town” хотхон болгож угааж байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. Бид энэ талаар дахин мэдээлэх болно.
