m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2026.03.14 09:46
189
Үе тэнгийн дээрэлхэлттэй улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ


Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд анхаарал татсан нийгмийн ноцтой асуудал болоод байна. Судалгаагаар хүүхэд насандаа дээрэлхэлтэд өртсөн хүмүүс насанд хүрсэн хойноо сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох бодол зэрэг сэтгэлзүйн эрсдэлтэй илүү тулгардаг болохыг тогтоожээ.

Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон улс сургуулийн орчинд дээрэлхэлтийг бууруулах олон төрлийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг энд дурдая.

Финланд: KiVa хөтөлбөр

Финланд улс дээрэлхэлтийн эсрэг KiVa нэртэй хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг. KiVa гэдэг нь фин хэлний “kiusaamista vastaan” буюу “дээрэлхэлтийн эсрэг” гэсэн утгатай үгийн товчлол юм.

Энэхүү хөтөлбөрийг Туркугийн их сургуулийн судлаачид боловсруулж, Финландын Засгийн газар санхүүжүүлсэн. KiVa-ийн гол онцлог нь дээрэлхэгч болон хохирогчийг тусад нь шийтгэхээс илүү анги хамт олны нийгмийн орчныг өөрчлөхөд анхаардаг.

Хөтөлбөрийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, интерактив тоглоом ашиглан сурагчдад дээрэлхэлтийг хэрхэн зогсоох талаар заах бөгөөд ялангуяа дээрэлхэлтийг харж байсан хэдий ч ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэр хохирогчийн хамгаалах алхам хийхээс зайлсхийсэн “гэрч” сурагчдыг идэвхтэй оролцуулахыг гол аргаа болгодог байна.

2016 онд Финландын 80 орчим бага сургуулийн 7000 гаруй сурагчийг хамруулсан судалгаагаар KiVa хөтөлбөр хэрэгжүүлсэн сургуулиудад дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн сэтгэл гутрал буурч, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн нь тогтоогджээ.

KiVa хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзэх боломжтой: https://www.kivaprogram.net/what-is-kiva/

Япон: Хууль эрх зүйн тогтолцоо

Япон улс 2013 онд “Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тухай хууль” (Act for the Promotion of Measures to Prevent Bullying) -ийг баталж, сургуулиуд дээрэлхэлтийн эсрэг тодорхой бодлого хэрэгжүүлэхийг хуульчилсан.

Энэ хуулийн хүрээнд:

- Сургууль бүр дээрэлхэлтийн эсрэг төлөвлөгөөтэй байх
- Дээрэлхэлтийг эрт илрүүлэх тогтолцоо бий болгох
- Кибер дээрэлхэлтийг хянах
- Эцэг эх, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах

зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.

Норвеги ба АНУ: Olweus хөтөлбөр

 

 

Норвегид боловсруулсан Olweus Bullying Prevention Program (OBPP) нь дэлхийн олон оронд хэрэгжиж буй хамгийн эртний, өргөн хэрэглэгддэг үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх хөтөлбөрүүдийн нэг юм.

Энэ хөтөлбөр:

- Сургуулийн орчныг бүхэлд нь хамарсан бодлого хэрэгжүүлэх
- Багш, ажилтнуудыг тусгай сургалтад хамруулах
- Ангийн дүрэм, харилцааны соёлыг тодорхой болгох
- Сурагчдад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг багтаадаг.

 

Өнөөдөр энэ хөтөлбөрийг АНУ болон Европын олон оронд мянга мянган сургуульд хэрэгжүүлж байна.

Судлаачдын үзэж байгаагаар дээрэлхэлт ихэвчлэн аливаа нэг анги, бүлгийн доторх нэр хүнд, нийгмийн харилцаатай холбоотой байдаг бөгөөд дээрэлхэгч хүүхэд анхаарал татах, хүч чадал мэдрэхийн тулд бусдыг дээрэлхдэг. Тиймээс дээрэлхэлтийг бууруулахад зөвхөн шийтгэл хангалтгүй бөгөөд сургуулийн соёл, харилцааг өөрчлөх нь хамгийн үр дүнтэй арга гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Олон улсын туршлагаас харахад үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад зөвхөн дээрэлхэгчийг шийтгэх нь хангалтгүй юм. Харин сургуулийн орчныг бүхэлд нь хамарсан бодлого хэрэгжүүлэх, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхийн хамтын ажиллагааг хангах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээ шаардлагатай байдаг.