

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. "Төр иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа нь үнэн. Төр гэдгээр зөвхөн УИХ-ын гишүүн гэдэг биш. Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт хяналт хариуцлагын тухай хуулийг өргөн барихаар бэлтгэсэн. Энэ хууль хэрэгжсэнээр Ерөнхийлөгч УИХ-ын дарга, ҮХЦ гишүүд, АТГ-ын дарга гэхчилэн нийт 50 төрийн өндөр албан тушаалтны эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих, аливаа хууль зөрчсөн буруутай асуудалд хариуцлага тооцох, албан тушаалаас буусны дараа эрх зүйн хязгаарлалт хийх хуулийн агуулгатай. Энэ хуулийн хүрээнд 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн 2 хууль шинээр өргөн барина. Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ хуулийн үзэд баримтлалыг баасан гарагийн даргын дэргэдэх зөвлөлд Н.Учрал даргад танилцуулна. Өнөөдөр цөөн суудалтай намд бүлэг байхгүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар олгосон эрх эдлэх боломжгүй байна. Иймээс энэ хуулийн санаачилга дээр Н.Учралыг дэмжиж ажиллаасай гэж хүсч байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн үзэл санааг дэмжиж байгаа. Хэрэгжүүлэх арга замыг дэмжихгүй. Хууль зүйн хувьд боломжгүй. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын тухай 36-р зүйлд УИХ болон дэгтэй холбоотой асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүд л санаачилна гэсэн. Хэрэв энэ дэмжигдвэл ерөнхийлөгчийг санаачилсан хуулиа татаад аваарай гэж хэлмээр байна" гэлээ.
