

Зураач Өлзийноровын Гандуламын “Hidden Flowers” (Нуугдсан цэцэгс) нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэн ХААН галерейд урлаг сонирхогчдын хүртээл болж байна. Дүрслэх урлагийн академийн уран зургийн ахлах багш тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд бүтээсэн, өнгө болон сэтгэлзүйд төвлөрсөн 20 гаруй бүтээлээ толилуулжээ.
Ө.Гандуламын бүтээлүүд бодит дүрслэлээс илүү өнгө, хэмнэл, орон зайн мэдрэмжээр дамжуулан хүний дотоод сэтгэл, бодлын хөдөлгөөнийг илэрхийлдгээрээ онцлогтой. Байгалийн гэрэл, өнгөний уур амьсгалыг мэдрүүлэх импрессионист хандлага, сэтгэл хөдлөл давамгайлсан экспрессионист илэрхийллийн шинж мөн ажиглагддаг. Зураач байгаль дахь өнгө, гэрэл сүүдэр, улирлын өөрчлөлтөөс уран бүтээлийнхээ санааг авч, түүнийг өнгөний ялгарал, зохиомжийн уян хэмнэлээр бүтээлдээ илэрхийлжээ. Иймээс Ө.Гандуламын бүтээлүүд тухайн агшны мэдрэмж, уур амьсгалыг харуулж, үзэгч бүр өөрийн төсөөлөл, сэтгэгдлээр хүлээн авах боломжийг бүрдүүлдэг.

Ө.Гандулам нь академик боловсрол, үндэсний уламжлал, орчин үеийн уран сэтгэлгээний илэрхийллийг хослуулсан уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 2001 онд ОХУ-ын В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академийг уран зураг мэргэжлээр төгсөж, эх орондоо ирснээсээ хойш тасралтгүй уран бүтээл туурвиж, уран зургийн багшаар ажиллан олон шавь бэлтгэж байна. Түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буйгаас гадна Бельги, Герман, Япон, Солонгос зэрэг орны цуглуулагчдын хувийн цуглуулгад бий.

“Hidden Flowers” үзэсгэлэн 2026 оны 3-р сарын 24-ний өдрийг хүртэл ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд өдөр бүр 10:00–19:00 цагийн хооронд үнэ төлбөргүй гарч буй тул урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
