m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2026.03.18 11:57
145
Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн дийлэнх нь 11-14 насныхан байна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.03.17) хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг даргалан явууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхэнд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонслоо.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг “үе тэнгийн дээрэлхэлт” гэж тодорхойлсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Т.Аубакир мэдээлэлдээ 2024-2026 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар нийт үе тэнгийн дээрэлхэлтийн 2300 дуудлага хүүхдийн шуурхай тусламжийн 108 утсанд бүртгэгдсэний 214-д анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 2086-д хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.

Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 24.6 хувь нь эмэгтэй, 75.4 хувь нь эрэгтэй, мөн дийлэнх нь 11-14 насныхан байгааг сайд мэдээлж, 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгдэж байгааг анхаарууллаа. Бас нэг анхаарах асуудал бол дээрэлхэлтэд өртсөн хохирогчдын мэдээллийн 55.3 хувийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй явдал юм. Гэмтэл бэртэл авч эмчлүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь л энэ нөхцөл байдлыг илрүүлж байна гэсэн үг юм.

Үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь хүүхдийн эрхийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн оролцооны байгууллагууд хамтран 2023-2025 онд “Найз байя”, “Чи ганцаараа биш” “Нууцтай байх эрх”, “Нэгдүгээрт хүүхэд” “Зөв байя”, “Хамтдаа хамгаалъя”, “Цахим орчинд эерэг байя”, “Z-Time”, “Бүтээгч ирээдүйг хамтдаа бүтээнэ”, “Because I am a Girl”, “Хүний эрхээс хүүхдийн эрх”, “Миний цахим хэрэглээ” зэрэг 290 төрлийн сургалт, нөлөөллийн ажил, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” зэрэг үндэсний хэмжээний аяныг зохион байгуулсан байна. Эдгээрт давхардсан тоогоор нийт 578,654 хүүхэд, 168,883 эцэг эх асран хамгаалагч хамрагджээ.

Цаашид 108 утсанд ирж буй боловсролын орчин дахь хэрэг, зөрчлийн дуудлагыг сургуулийн нийгмийн ажилтны, эсвэл боловсролын салбарын программтай шууд холбож, шуурхай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, сургууль бүрд нээлттэй суваг ажиллуулах, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ бий болгох, эцэг эхчүүдийг бэлтгэх, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг сургах, сайн дурын эргүүл ажиллуулах, нөлөөллийн аян, арга хэмжээг тогтмолжуулах, хүүхдийн оролцооны клуб, эрсдэлтэй орчныг илрүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага хамтран ажиллах талаар тодорхой саналуудыг хэлсэн юм.

Боловсролын дэд сайд Д.Гантулга мэдээлэлдээ салбарын статистик тоонуудыг товч дурдаж, сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын үйл ажиллагааны талаар тодотгосон юм. 2024-2025 оны хичээлийн жилд 421 сэтгэл зүйч ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 799 сэтгэл зүйч болж 378 ерөнхий боловсролын сургууль шинээр сэтгэл зүйчтэй болсон байна. Мөн өмнөх хичээлийн жилд 953 нийгмийн ажилтан ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 978 болж, 25-аар нэмэгджээ. Сургуулийн орчны хүүхэд хамгааллын үйлчилгээний тайланг тусгай маягтаар жил бүр авч буйг тэрбээр танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилд 886 сургуульд хүүхэд хамгааллын бодлогыг мөрдөж, 7939 хүүхэд хамгааллын багийн гишүүд ажилласан, эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан 748,378 суралцагчийн 58055 нь дунд, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнээс 16117 суралцагч үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн тайланг танилцуулав. Мөн 5165 суралцагчийг бусад байгууллагын хамгааллын үйлчилгээнд зуучилж, 47541 суралцагчийг нөхөн сэргээх үйлчилгээнд, 698983 суралцагч, 379454 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн 310826 суралцагч, 224194 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгчээ.

Үргэлжлүүлэн дэд сайд Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын хэрэгжилтийг нэг бүрчлэн тодорхой дурдаж, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа талаар танилцуулсан юм. Энэ хууль батлагдсанаар хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах харилцааг зохицуулах юм.

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ. 2025 оны байдлаар бүх шатны боловсролын байгууллагын орчимд 208 гэмт хэрэг, 134 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 53 буюу 20.3 хувиар, зөрчил 11.2 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах 22 байр, нэг цэгийн үйлчилгээний 17 төв ажиллаж байгаагаар 2025 онд нийт 4695 иргэн үйлчлүүлсэн байна. Тэдний 42 нь насанд хүрсэн эрэгтэй, 1251 эмэгтэй хүн, 3402 хүүхэд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, сум, баг, хорооны хэмжээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамтарсан 764 багт нийт 6000 гаруй гишүүн ажиллаж байна.