

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх шум олон өдрийн өмнөөс нисэлдэх болж, нэр муутай дөрвөн сайдаар туг тахих нь гэх яриа газар авсан. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр, эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нараар өргөдлийг нь өгүүлж, нэмэгдэхүүний байраа солих шийдвэр ЗГ гаргажээ. Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг, эрчим хүчний сайдаар Н.Найдалааг томилохоор болсноо зарласан. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ сайд нарыг танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууснаар баталгаажих юм.
Эрчим хүчний салбар үндсэндээ өвөл хөлдчихгүй, гал алдчихгүйхэн шиг дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг. Огцорч буй сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр 3.6 жилийн хугацаанд чадлын эх үүсвэрийг 50 хувиар нэмсэн ч жил бүр өсөн нэмэгдэх хэрэглээ 15 хувь орчим байгааг гүйцэхгүй байна. Мөн энэ салбарын шинэчлэлийг 100 хувь гэж үзвэл 50 хувийн ажил хийгээд явж байгаа гэдгээ ярилцлагын үеэр хэлжээ. Өргөдлөө өгсөн шалтгаанаа Засгийн газрыг муухай харагдуулж, сандал ширээтэйгээ зууралдсан сайд баймааргүй байна гэсэн ч нөгөө талд хариуцлагаас мултарч, амиа хоохойлон явж буй "аав", ар талд нь "гологдон үлдэж буй" хэдэн инженер техникийн ажилтнууд үлдэж буй дүр зураг нүдэнд бууж байна. Эрчим хүчний салбарт үнэндээ реформ шинэчлэл хэрэгтэй. Өөрийн өртгөөс хямд үнээр борлуулж, хүнээр ярьвал ганц солионы хувцасгүй 60 шахам жил явсан хэдэн станцуудаа өөд нь татаж тордох, ард түмний эсэргүүцлээс үл хамаарч үнийг зохистой түвшинд нь хүргэх, шинэ эх үүсвэр бий болгох шаардлагатай. Нөгөөтэйгүүр энэ салбарын ажилтнууд цалин хөлсөө нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэнийг зарлалаа.
Тэгвэл энэ салбарыг ХҮН нам дангаар авч явж чадах уу. Системээс гадна салбарын ажилтны цалин хөлсний шинэчлэлийг салбарынхан нь шаардаж байна. Шинээр томилогдох сайд Б.Найдалаад найдаж болох уу. ХҮН намыг анх үүсгэн байгуулагдахад 10 жилийн өмнө намын даргаар томилогдон, "Найдлаа шүү" гэх уриа үгийг лоозон болгоод ч хэд хэдэн удаагийн сонгуульд суудал авч чадаагүй түүхтэй. ХҮН намын дарга Т.Доржхандын хэлснээр заавал инженер хүн эрчим хүчний, багш хүн боловсролын салбарын сайд болох албагүй ч Б.Найдалаад найдаж болох уу. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөх үү. Эрчим хүчний шинэхэн сайд Б.Найдалаад ЗГ найдаж байна. Дорвитой шинэчлэл хийж чадах эсэхийг нь, найдаж болох эсэхийг нь цаг хугацаа л харуулна.
