

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Спикер гэх нэр томъёо яаж үүссэн бэ гэхээр парламентын дарга өөрөө ярьдаг биш гишүүдээ яриулж, дуу хоолойг нь хүргэхийн тулд энэ нэр томъёо гарч ирсэн. Төлөөллөө хэрэгжүүлэх тэнцвэрийг хадгалж, нам улс төрөөс ангид парламент ёсыг хамгаалдаг хүнийг спикер гэдэг. Дарга гээд өөрийгөө андуураад би эд нарын дарга юм байна гээд эндүүрдэг болсон. Парламент бол ЗГ биш. Парламент бол ижил эрхтэй 126 гишүүнээс бүрддэг. Төлөөлөх, хууль тогтоох хянах гурван үүрэгтэй. Нийгмийн нээлттэй дуу хоолой парламентад сонсогдож байх ёстой. Дан олонхийн дуу хоолой яваад байж боломгүй. Олонхи шийд гаргаж, цөөнх хяналт тавина. АН-ын бүлгээс санаачлан мэтгэлцээнийг УИХ-д оруулж ирсэн. Гэтэл тэр мэтгэлцээнийг нэг намын дарга шүүж зохицуулна гэдэг мэтгэлцээн биш болно. Спикер төвийг сахисан, бие даасан байх ёстой. Ингэж чадахгүй бол сөрөг хүчний дуу хоолойг хязгаарладаг. Эцсийн дүнд хяналтгүй газар худал хулгай л гардаг. Намын үйл ажиллагаанд оролцохгүй, намын хэн нэгнийг дэмжихгүй, нам дээр илтгэл тавихгүй. Гадаад улс руу парламентыг төлөөлөхөөс өөр хэн нэгнийг төлөөлөхгүй гэх хатуу хориг тавьдаг. Хэвлэл рүү гараад үг хэлэхдээ намын дарга юм уу спикер нь яриад байгаа юм уу сонирхлын зөрчил үүснэ. ЗГ ажлаа хийж чадахгүй ажлаа хийж чадахгүй байхад парламентын дархлааны талаар ярьж байна. Спикер төвийг сахиж чадахгүй бол нам доторх асуудлаас илүү гарч чаддаггүй. УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, саналаа илээр хэлж сонгоно гэж хуульд заасан. УИХ-ын сонгуулийн үр дүнгээс бүрдсэн нам бүрээс дэд дарга сонгоно гэж заасан. Бид Үндсэн хуулиа зөв уншиж, зөв хэрэгжүүлэх ёстой. Намын даргын асуудалд Үндсэн хуулийг нулимж болохгүй. Намын дарга УИХ-ын дарга болсноор хэрхэн гажуудсан талаар манай намын жишээн дээр тайлбарлая. Тухайлбал, З.Энхболд УИХ-ын дарга болсныхоо дараа Үндсэн хуулийн цэцэд бусад намын дарга нартай хуйвалдан, сонгуулийн пропорцианаль тогтолцоог Үндсэн хуулийн бус гэж зарлуулж байсан. Үүнд орсныхоо золионд дөрвөн жил АН-ыг гудамжинд явуулсан. Төрийг ингэж самарч гажуудсан " гэлээ.
