Монгол Улсын Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Д.Батмөнхийг дуудан уулзаж боом, галзуу өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо.
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байгаа. Голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж гурван хүн, 15 мал өвчилжээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоон ажиллаж байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа юм. Сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, зөвлөмжийг нутгийн иргэд болон хил залгаа Могод суманд тарааж, голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг, тандалт хийсэн байна.
Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байгаа.
Мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва боом өвчний голомтыг устгах, урьдчилан сэргийлэх үүднээс улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар гарган аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, тухайн орон нутаг дахь Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгөхийг чиглэл болголоо.
Цаашид вакцины зайлшгүй нөөц бүрдүүлэх, ариутгалын бодисын чанарт анхаарах, хил дамнасан гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс боомтуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах, зорчих хөдөлгөөн ихтэй боомтууд, тухайлбал Замын-Үүд, Дорнод аймгийн Өвдөг Баянхошуу боомтод халдваргүйжүүлэлтийн пунктыг яаралтай ашиглалтад оруулж түүнд хэрэглэх химийн бодис, нөөц, чанарт анхаарахыг үүрэг болгов.
Одоогоор Замын-Үүд боомтод тээврийн хэрэгслийн дугуйг халдваргүйжүүлэх ванныг шинээр барьж ашиглалтад оруулаад байна. Харин Дорнод аймгийн Өвдөг Баянхошуу боомтод БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгаа халдваргүйжүүлэлтийн автомат пунктыг наймдугаар сарын нэгний өдөр ашиглалтад оруулах юм. Цаашид өмнөд хөрштэй хил залгаа боомтуудад тээврийн хэрэгслийн импортын чиглэлд пункт байгуулж, хил дамнасан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс халдвараас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн арга хэмжээг сайжруулах чиглэлээр ажиллах гэнэ.