

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хурал чуулгандаа суух л ёстой. Ерөнхийлөгч хууль өргөн барьсан. Яагаад өргөн барих болсон шалтгааны нэг нь энэ шүү дээ. Тангараг өргөчихөөд хуралдаа суухгүй байна. Гишүүд улс төр хийж болно. Үүнийгээ чуулганы танхимдаа хий л дээ. Гэтэл дөнгөж хаврын чуулган эхэлж байхад ирцээр бойкотлоод байна. 126 гишүүний үүрэг шүү дээ. Танхимдаа орж ирээд сөрөг хүчний асуудлаа тавь л даа. Хуулиа өргөн барь л даа. Эрх барьж байгаа намын дотоод асуудалд ороод ерөнхий сайд ийм байна, УИХ-ын дарга ийм байх ёстой гээд сөрөг хүчин нь дотоод асуудалд нь ороод байж болохгүй. Манай намаас өвчтэй, орон нутагт томилолттой гадаад томилолттой гишүүд байна. Чуулганд манай намын 50 орчим гишүүн байна. Улс төрийн намуудтай ойлголцох байлгүй дээ" гэлээ.
