m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2026.03.19 15:29
143
Ц.Шинэдолгор: Гэр бүлийн суурь хүмүүжил сайтай хүүхдээс хэр барагтай ийм харгис үйлдэл гарахгүй

Сэтгэл судлаач Ц.Шинэдолгороос үе тэнгийн дээрэлхэлт, тэдний сэтгэл зүйтэй холбоотой ярилцлаа. 

-Саяхан арван жилийн сурагч охид нэгнийгээ дээрэлхсэн, энэ нь байнгын давтамжтай байж болзошгүй үйлдэл бүртэгдсэн. Үүнийг сэтгэл зүйч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Саяхан болсон үйл явдлаас харахад өсвөр насныханд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл гарч байна гэдэг нь тэдэнд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байна гэсэн үг. Нэг талаас насны онцлог талаас өөрөө бусдын анхаарлын төвд байхыг хүсч байна. Урамшуулагдсан мэдрэмж авахыг хүссэндээ энэ хүмүүс намайг анхаарч байна би хүчтэй байна гэх мэдрэмжийн төлөө өөрийн сэтгэл зүйг удирдах чадамжгүй байгааг харуулж байна. Гэр бүлийн хүмүүжил гэдэг гэр бүлийн толин тусгал. Гэр бүлийн суурь хүмүүжил сайтай хүүхдээс хэр барагтай ийм харгис үйлдэл гарахгүй. Гарлаа гэхэд үе тэнгийхний нөлөөлөлд автаж үйлдэх магадлалтай. Үе тэнгийн нөлөө гэдэг нь илүү хамтдаа цагийг өнгөрөөх сонирхолтой, тэр үйлдэл нь буруу тийшээ эргэж байна гэсэн үг. Эцэг эх нь  хүүхэддээ гаргах цаг анхаарал бага. Багаас нь нээлттэй ярилцаж байгаагүйгээс, эсвэл  юм л ярьвал загнаж цагдсаар байгаад ээжтэй ярьвал ойлгодоггүй загнадаг гэх ойлголттой болж холдож хөндийрсөн байдаг. Ингэсээр хүүхдүүд өөрийг нь сонсож ойлгох нөгөө бүлэг хүмүүс рүү аажмаар татагдаж эхэлдэг. Эцэг эхчүүдийн зүгээс багаас нь хайр халамж тавьж сайхан хандсан ч эвдрэх магадлалтай.

Иймээс өсвөр насанд нь цаг гаргаж, нээлттэй , нууж хаалгүй ярилцдаг байх ёстой. Магадгүй ангидаа болсон зүйлээ эцэг эхдээ ярихад аав ээж анги руу нь гүйж очоод асуудлыг  улам хүндрүүлж орхидог. Үүнээс болж олны доог тохуу болохоос айж эмээсэндээ хүүхдүүд ангидаа юу болж байгаагаа нуудаг болдог.

Иймээс хүчирхийлэлд өртвөл ичих нуух хэрэггүй. Өөрийгөө хамгаалах тухай, үгүй гэж хэлэх, чиний бие махбодид өөр хэн нэгэн хүрэх ёсгүй гэх боловсролыг шат шатанд нь олгох шаардлагатай байна.

-Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй гээд сургууль цэцэрлэгийн орчинд хаа сайгүй ийм пост байна. Гэвч энэ үг зөв үг биш хүүхдийн тархинд буруугаар кодлогдож байна гэсэн байна?

-Тархи судлалд ямар нэг үгийн утга санаа өөрөө нөхцөл дагаварыг хүлээж авалгүй үг өөрөө команд болж очдог. Тэр үг нь тэгэхээр дээрэлхэл дэлгэрэх ёсгүй гэж байгаа ч алхам тутамдаа дээрэлхэл дэлгэрэх гэдэг үгийг харж уншиж байгаа нь өөрөө дээрэлхэл гэдэг команд хүүхдийн тархинд очиж байна гэсэн үг. Уриа лоозон үг маань эерэг зөв зүйлийн талаар бичих ёстой. Тэр үг нь найзыгаа тэвэр, найздаа тусал гэх үгийг хүүхдүүд харсаар байгаад нэг л өдөр тэр үгийг үйлдэл болгодог.

-Танаар өсвөр насны хүүхдүүд хэр их үйлчлүүлж байна?

-Хүүхэд зөвхөн үе тэнгийхнээсээ гадна багш нар хүүхдийг дээрэлхэлтэд уруу татах ухамсаргүй байдалд хүргэдэг. Сурагч үдийн цайны аягаа угаагаагүйн төлөө багш “Энийг хар даа аягаа угаагаагүй халтайсан байна” гэх байдлаар ангид нь доог тохуу болгодог. Үүнээс үүдэж тэр хүүхэд сэтгэл зүйн хувьд айдас түгшүүр уналтад ордог. Ямар нэг сургалт дугуйланд явахаар багшаасаа айдаг, өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гээд хүүхдээ дагуулан орж ирсэн тохиолдол бий. Тэр хүүхэдтэй уулзахад багшийгаа үнэхээр үзэн ядсан байсан. Энэ хүүхэд  эдгэрэхэд хугацаа шаардаж байна. Энэ мэтчилэн жижиг кэйсээс харахад насанд хүрэгчид бид хүүхдэд маш муухай дурсамж үлдээж байна.

Багш хүүхдийг ялгаж харьцаж байгаа биеийн хэлэмжээрээ дамжуулан бусад хүүхдийг ч тэр хүүхэдтэй ялгаатай харьцаж болох юм байна гэх үлгэр дуурайл авдаг.

Ангид гадуурхагдсан хүүхэд байна гэдгийг багш анзаарсан л бол түүнийг найзтай болоход нь туслах, анги хамт олныхоо уур амьсгалыг сайжруулах, өөрөө тэр хүүхдэд хайр халамж анхаарал тавих хэрэгтэй. Ингэснээр сул дорой нэгнийгээ хайрлах ёстой юм байна гэсэн үлгэр дуурайл хүүхэд авч байдаг. Хүүхэдтэй ажиллаад тодорхой хэмжээнд үр дүн гарахад эсрэгээрээ эцэг эх нь ажиллаж чаддаггүй. Нэг зөвлөгөөнд хамруулаад л зүгээр болчих юм шиг ойлгоод байдаг. Гэтэл багш, эцэг эх, сэтгэл зүйч бүх хүн зэрэгцэж л ажиллах шаардлагатай.

-Хүүхдийн хамгийн эхний дээрэлхэлт эцэг эхчүүдээс ирдэг юм байна. Өмнөөс нь дандаа шийдэж, дарамтлах үйлдлүүд өөрөө ч мэдэлгүй гаргадаг байна?

-Хүүхдийн хөгжил эхийн хэвлийгээс эхэлдэг. Хүүхэд маань ярьж чадахгүй юм чинь гээд л эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд хэн нэгнийг муухай хэлэх, хэн нэгнийг дээрэлхэж зодож цохьдог юм байна л даа. Гэтэл хүүхэд порлон шиг тэр бүхнийг шингээж аваад, гарын авлагаа болгодог. Уурласан үедээ ээж тэгдэг аав ингэдэг гэх байдлаар. Бие биетэйгээ муухай харьцдаг, гар хүрдэг ч юм уу. Тэгэхээр хүүхэд уурлахаараа яг л эцэг эхийнхээ гаргадаг үйлдлийг даган дуурайдаг. Тэгэхээр эцэг эх өөрөө хүүхдийн толь болдог. Би өөрөө зөв хүн болж үлгэр дуурайл үзүүлж чадаж байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Эцэг эхчүүд ихэвчлэн л хүүхэд нь хэн нэгэнд цохиулсан гэж сонсвол чи буцааж цохь, хүнд дээрэлхүүлээд байхдаа яадаг юм гэдэг.

Гэтэл багаасаа найзыгаа цохиж болохгүйг заахаас гадна өөрийгөө хамгаалах чадварт сургана. Найзыгаа хайрла, өвтгөж болохгүй гэж ойлгуулахын хажуугаар амин хувийн орон зай хил хязгаарын тухай ойлголтыг өгч байх ёстой.

Мөн найз нь хэрэв цохьвол чи намайг өвтгөлөө, энэ нь болохгүй энэ нь надад таалагдахгүй байна гэж өөрийн үзэл санааг илэрхийлж өөрийгөө хамгаалахад сургах хэрэгтэй. Багаасаа ингэж сурвал том болсон ч яг энэ ухамсартайгаар насанд хүрдэг.

-Дарамтад өртөж байгаа хүүхдүүдэд хэрхэн туслах вэ. Найз нөхөд нь дарамтлуулаад байгааг нь мэдсэн хэрнээ тусладаггүй хэвийн зүйл шиг хүлээж авсан байна ?

-Дээрэлхэлт гадуурхалхалт өртөж байгаа хүүхдэд чи бол үнэ цэнэтэй гэдэг мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Магадгүй гэр бүлд нь хэн нэг нь цохиж зодож л байдаг. Багаасаа надтай ингэж л харьцаж байдаг юм гэх үнэ цэнэгүй , хүчирхийлэл, үл хайхрал дунд өссөн хүүхэд үүнийг улам даамжруулж байдаг. Гэтэл тэр хүүхдэд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байна гэсэн үг. Энэ тохиолдолд хамгийн ойр байгаа багш, нийгмийн ажилтан сэтгэл зүйч анзаарах хэрэгтэй.

Өөрийгөө хамгаалах чадварт хүүхдийг сургах, үгүй гэж хэлж сургах, сүүлийн үеийн кэйс дээр байгаачлан энэ бичлэгийг чинь ингэж тавина шүү гэж айлган сүрдүүлэхэд тавь, би айхгүй харин чи өөрөө ичгэвтэр байдалд орно гэж өөрийн дуу хоолойг илэрхийлэх хэрэгтэй.

Өөрөө ганцаараа шийдэж чадахгүй бол томчуудын туслалцааг хүсэх. Хүүхдийн нууц байдалд харин эцэг эх хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.