

Хаврын ээлжит чуулган энэ долоо хоногт нээсэн ч ирц хүрэхгүйн улмаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадсангүй. АН улс төрийн бойкот хийж, түүнийг нь үндэсний эвсэл дэмжихээ илэрхийлсэн. Гэсэн ч МАН олонхи болж, Засгаа ХҮН нам ИЗНН-ын төлөөллөөс бүрдүүлсэн. Ингээд тооцвол гурван намын төлөөлөл нийт 79 суудалтай, чуулганы ирцээ хангалттай 50-аас дээш хувьд хүргэх боломжтой харагдаж байгаа юм. Гэвч өнгөрсөн жилийн их хурлаас эхлэлтэй МАН-ын дотоод хагарал хаврын чуулган хүргэл үргэлжилсээр. Намдаа гомдогсод ажлын байрандаа ирсэн ч ирцэндээ орохгүй УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хяхан боогдуулж байна.
Үнэндээ хаврын чуулганаар татварын багц хуулиас гадна гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гэхчилэн иргэн, ААН-д үр өгөөжтэй 32 хуулийн төсөл хэлэлцэхээр тов гарсан. Нөгөөтэйгүүр өргөдлөө өгсөн хоёр сайдын оронд шинэ томилгоо хийж, Эрчим хүчний болоод Боловсролын салбарын сайдын томилгоо хүлээгдэж байна. Гэвч эхний өдрөөсөө л олонхи болсон МАН дотоод улс төрөө дийлэлгүй ирцээ ч бүрдүүлж чадахгүй гацаанд орлоо.

Өчигдрийн байдлаар 54 гишүүний ирцтэй чуулган эхэлсэн, 10 хүн л дутаад байна гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өгсөн. Ямарсайндаа бүлгийн дарга гишүүд рүү залгаж ирцэндээ орж ажлаа хийхийг шаардсан ч ирцийн улмаас чуулган тодорхойгүй хугацаагаар хойшилоход хүрлээ.
Г.Занданшатарын удирдсан парламент 20 гаруй жил гацсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдийн оролцоонд тулгуурлан баталж, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх эрх зүйн суурийг Үндсэн хуулийн 6.2-оор тавьсан өгсөн. Энэ зарчмыг бодит ажил болгох гүйцэтгэлээ Ерөнхий сайд болоод гардаж бариад байгаа. Энэ хүрээнд стратегийн ордуудын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд ногдуулах хэлцлийг эхлүүлчихсэн. Уул уурхайд хамаарах бүлэглэлд мэдээж энэ таалагдаагүй учир Зандангийн засаг шахагдаж байгаа юм.
Одоо гол асуулт нь улс төрийн шийдвэр гаргах төвшинд шилжиж байна. УИХ дахь олонхын байр суурь энэ бодлогыг тууштай дэмжих үү, эсвэл дотоод зөрчилдөөний нөлөөгөөр саармагжуулах уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.
Эцсийн дүндээ, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд эерэг эргэлт хийж эхэлсэн энэ мөчид УИХ бодлогын залгамж чанарыг хангаж, ард түмэнд ногдох өгөөжийг бодитоор хэрэгжүүлэх талд нэгдэж чадах эсэх нь хамгийн чухал сорилт шүү МАН-чид аа.
