

K-pop хамтлаг BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин тайзнаа гарах гэж буйтай холбоотой Сөүл хотын төв Гванхвамун талбайд 260 мянга хүн нэг дор цуглаж тоглолт үзэх тооцоотой байна. Энэ нь уг хамтлаг 2022 оны аравдугаар сараас хойш анх удаа хамтдаа тайзнаа гарах гэж буй анхны тохиолдол билээ.
Тоглолтыг 22 мянган хүн шууд үзэх тасалбар авсан бол бусад үзэгчид талбайн гадна байрлуулсан том дэлгэцээр үзэх аж. Үүнээс гадна дэлхий даяар сая сая үзэгчид тоглолтыг Netflix-ээр шууд үзэх боломжтой байна.
Энэхүү тоглолт нь BTS-ийн удаан хүлээлгэсэн шинэ “Arirang” цомгийн нээлттэй давхцаж байгаа бөгөөд ирэх сараас эхлэх дэлхийн аялан тоглолтын өмнөх томоохон нээлт болж байна.
Хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд заавал хаах цэргийн албаа ээлж дараалан хаасны дараа ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж байгаа юм.
Ийм хэмжээний олон хүн цуглахтай холбоотойгоор Сөүл хотын эрх баригчид аюулгүй байдлыг өндөржүүлж, 7000 гаруй цагдаа, тусгай нэгжүүдийг дайчилжээ. Мөн ойролцоох метроны зарим буудлыг түр хааж, талбай руу нэвтрэх хөдөлгөөнийг хяналттай зохион байгуулахаар болсон байна.
Хотын төв хэсэг бүхэлдээ томоохон нээлттэй тайз болон хувирч, олон барилга байгууламжийн нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Ажиглагчдын үзэж байгаагаар BTS-ийн эргэн ирэлт нь зөвхөн хөгжмийн тоглолт бус, Солонгосын соёлын нөлөө буюу “soft power”-ийг дэлхийд дахин хүчтэй харуулах чухал үйл явдал болж байна.
Мэдээллийн эх сурвалж: CNN
