

Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн эрчимжиж буйтай холбоотойгоор дэлхийн нефтийн зах зээлд савлагаа үүсэж, газрын тосны үнэ мэдэгдэхүйц өсөж байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ болон Израил Иранд цохилт өгсний дараа бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж, Иран Ормузын хоолой орчимд тээврийн хөдөлгөөнд заналхийлсэн нь дэлхийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг тул энэ бүсэд үүссэн эрсдэл зах зээлд шууд нөлөөлдөг.
Шинжээчдийн мэдээлснээр АНУ-ын WTI төрлийн нефтийн үнэ богино хугацаанд 67 ам.доллараас 90 гаруй ам.долларт хүрч өссөн бол Brent төрлийн нефтийн үнэ мөн огцом нэмэгдсээр байна.

Эдийн засагчид нефтийн үнэ өсөх гол шалтгааныг Персийн булангийн орнуудын экспорт саатах эрсдэл, тээврийн зардал, даатгалын үнэ нэмэгдэх мөн тээвэрлэгч танкеруудын хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байгаа аж.
Үнийн өсөлт нь зөвхөн эрчим хүчний салбарт төдийгүй дэлхийн эдийн засагт өргөн хүрээгээр нөлөөлж эхэлжээ. Тухайлбал шатахууны үнэ нэмэгдэхийн хэрээр тээврийн зардал өсөх, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, агаарын тээврийн тасалбар үнэд орох зэрэг нөлөө дэлхий даяар илэрч байна.
Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хэрэв мөргөлдөөн үргэлжилж, Ормузын хоолойн тээвэрлэлт бүрэн доголдвол нефтийн үнэ цаашид ч өсөж, дэлхийн инфляц болон эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
