m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2026.03.20 16:22
319
Уул уурхайн бүлэглэлд шахагдсан Г.Занданшатар сайд

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүнээр томилогдох үед Монгол Улсын төсөвт ойролцоогоор 2 их наяд төгрөгийн орлогын тасалдалтай, албан ёсоор зарлаагүй ч макро эдийн засгийн бусад гол үзүүлэлтүүд дагаад муудсан, дефолтын эрсдэлд ойртсон байсан. Эдийн засагч Ерөнхий сайдын хувьд тэрээр шууд 2.2 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийж, зардлыг оновчтой танах шийдвэр гаргасан нь бодит, шуурхай, мэргэжлийн хариу арга хэмжээ байв. Үүний үр дүнд: Төлбөрийн тэнцэл 250 сая ам.долларын алдагдлаас 53.2 сая ам.долларын ашигтай болж сайжирч, Эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.6 хувь болж хоёр дахин нэмэгдэн,

Макро эрсдэлийн түвшин “улаан гэрэл”-ээс “ногоон гэрэл” рүү шилжих нөхцөл бүрдсэн. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь бодлогын зөв чиглэл, сахилга баттай санхүүгийн удирдлагын шууд үр дүн бөгөөд эдийн засгийн сэргэлтийн бодит нөлөө ирэх 5, 6-р саруудаас илүү тод мэдрэгдэх учиртай.

Гэсэн хэдий ч улс төрийн тэр дундаа МАН-ын дотоод уур амьсгал орчин тогтворгүй хэвээр байна. МАН доторх зөрчил, эрх мэдлийн дахин хуваарилалтын тэмцэл нь дээрх эдийн засгийн эерэг өөрчлөлтийг тогтвортой үргэлжлүүлэн, үр дүнгээ харах сэхэл бий эсэхэд эргэлзээ үүсгэж байна. Нөгөө талд, Засгийн газрын бодлогын үр дүнг олон нийтэд системтэй, ойлгомжтой, мэргэжлийн хүргэхээс илүүтэй богино хэлбэрийн сошиал контентод төвлөрсөн нь улс төрийн дэмжлэгийг сулруулах нэг хүчин зүйл болсон. Ерөөс 35-аас дээш насныхны идэвхтэй улс орон, 35-с дээш насныхан шийдвэр гаргах бүх түвшинд өөр өөрсдийнхөөрөө нөлөөлөгчид гэдгийг мартаж Зэнжи-тэй наалдаж Зөнжи-дсөн ЕС-ыг яалтай.

 Г.Занданшатарын удирдсан парламент 20 гаруй жил гацсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдийн оролцоонд тулгуурлан баталж, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх эрх зүйн суурийг Үндсэн хуулийн 6.2-оор тавьсан өгсөн.

Энэ зарчмыг бодит ажил болгох гүйцэтгэлээ Ерөнхий сайд болоод гардаж бариад байгаа. Энэ хүрээнд стратегийн ордуудын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд ногдуулах хэлцлийг эхлүүлчихсэн. Уул уурхайд хамаарах бүлэглэлд мэдээж энэ бодлого таалагдаагүй учир Зандангийн засаг шахагдаж байна. 

ЗГ-ын нэгэнт эхлүүлсэн ажлыг олонхи болсон МАН дэмжих үү үгүй юу хугарлын цэг дээр байна. Нэгэнт олонхи болж, засгаа бүрдүүлж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаагийх УИХ Засгийн газрынхаа оруулж байгаа бодлогыг дэмжиж, итгэл үзүүлдэг байх хэрэгтэй. Гэвч итгэл үзүүлдэг дээрээ МАН дотоод улс төрөө дийлэлгүй гацаалтад орсон нь нууц биш. 

Эцсийн дүндээ, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд эерэг эргэлт хийж эхэлсэн энэ мөчид УИХ бодлогын залгамж чанарыг хангаж, ард түмэнд ногдох өгөөжийг бодитоор хэрэгжүүлэх талд нэгдэж чадах эсэх нь МАН-ыхны өмнө том сорилт болж байна.