Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
4 цагийн дараа
258
Г.Дамдинням: Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална

МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд (2026.03.21) ажиллаж байна.
Энэ хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий 7 ААН-ийн үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авахаар боллоо.
Тухайлбал, Монгол Улсын хууль журмыг үл тоон, үйл ажиллагаа эрхэлсэн "Хризо праза групп" ХХК-ийн уурхайн талбайд газар дээр нь ажиллаж БОУАӨЯ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг АМГТГ-т үүрэг болголоо.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Байгалийн баялаг бол төр, ард нийтийн өмч юм. Хууль бус олборлох үйл ажиллагаа нь салбарын нэр хүндэд маш хортой үр дагавартай учир төрийн төмөр нүүр гаргах ёстой. Ирэх долоо хоногт хууль ёсоор ажиллаж байгаа алт олборлогч ААН-үүдийг цуглуулж хэрхэн дэмжиж хамтарч ажиллахаа танилцуулна. Хууль бус уул уурхайн үйл ажиллагааны эсрэг хатуу тэмцэнэ" гэлээ.
Ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаа нь байгаль орчинд экологийн ноцтой хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдах, Монгол Улсад орох татвар төлбөрөөс зугтаах, мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг нөлөөг дурдвал их. Иймд, хууль бусаар ашигт малтмал олборлох, газрын хэвлийн хөндөх зэрэг хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ салбарын сайд илэрхийлээ.
Ажлын хэсэгт АҮЭБЯ, БОУАӨЯ, ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид ажиллаж байна.