

Эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж буй Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, үйлчилгээний Холбооны баялаг бүтээгч захирлууд нэгдэн, эвлэлдэн зохион байгуулж буй “Баялаг бүтээгч – Спортын IV наадам" нээлтээ хийлээ. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх холбооны Хууль эрх зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Батдэлгэр нээж хэлсэн үгэндээ:
"Эрхэм хүндэт баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгчид ээ,
Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид ээ,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт баг, тамирчид аа,
Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр бид хөдөлмөр бүтээл, эв нэгдэл, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэсэн сайхан үйл ажиллагаанд хуран цуглараад байна.
Энэ бол “Баялаг бүтээгч – Спортын IV наадам” юм.
“ЖДҮҮ” Холбоо нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, үндэсний эдийн засаг, нийгмийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг сайжруулахад санал оруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гишүүдийнхээ нийтлэг эрх, ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх зорилготойгоор 2015 онд байгуулагдсан бөгөөд 100,000 орчим гишүүн, дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Жижиг, дунд бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид нь Монгол Улсын ажлын байрны 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч билээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид “Үндэсний үйлдвэрлэгч – Монголын баялаг” уриан дор улс орныхоо 21 аймаг, 9 дүүргийн баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгчдийг нэгтгэж, тэдний дуу хоолойг төр, засагт хүргэж ирсэн.
Үүний үр дүнд 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдаж, Засгийн газрын агентлаг байгуулагдсан нь бидний хамтын хүч, бодит үр дүн юм.
Мөн бид жил бүр форум, хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээг зохион байгуулж, гадаад дотоод хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ирсэн.
2025 онд “ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГАТАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ” уриан дор “ЖДҮҮ-10” форумыг зохион байгуулж, өнгөрснөө дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлсон.
Бид цаашид бүтээгч Монгол, экспортлогч Монгол Улсыг бий болгохын тулд олон олон ажлын байрыг нэмэгдүүлэх болно.
Өнөөдрийн энэхүү спортын наадам бол зөвхөн тэмцээн уралдаан биш юм.
Энэ бол баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгчдийн эв нэгдлийн илэрхийлэл юм.
Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдийн нөхөрлөлийн баяр юм.
Энэ бол хамтын хүч, хамтын итгэл, хамтын ялалтын талбар юм.
Өдөр тутамдаа улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгож, баялаг бүтээж яваа Та бүхэн өнөөдөр спортын талбарт хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараараа өрсөлдөх гэж байна. Энэ бол зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн биш, нэр төрийн төлөөх, эв нэгдлийн төлөөх өрсөлдөөн юм.
Энэ удаагийн наадмын зохион байгуулалтад хүчин зүтгэж буй ажлын хэсгийн ахлагч Ж.Ганхуяг болон ажлын хэсгийн нийт гишүүд, шүүгч, дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хөтлөгч, уран бүтээлчид, ивээн тэтгэгч байгууллагууд, Хүннү Ресорт-ын хамт олон, энэ наадмыг санаачлан хэрэгжүүлсэн УЗ-ийн дарга Ч.Даваабаяр болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн эрхэм хүндэт Удирдах зөвлөлийн гишүүд, Холбооны ажлын алба, хүрэлцэн ирсэн нийт баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгч Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн тэмцээнд оролцож буй баг тамирчид эв нэгдэлтэй, батлагдсан удирдамжийг чанд мөрдөж, шударгаар өрсөлдөж, хөгжөөн дэмжигч та бүхэн шүүгч, баг тамирчдаа хүндэтгэн, нөхөрсөг сайхан уур амьсгалыг бүрдүүлэн наадамдаа оролцохыг хүсье.
Эрхэм хүндэт оролцогчид оо,
Та бүхэн бол ажлын байр бүтээгчид.
Та бүхэн бол Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа ЖДҮҮ эрхлэгчид.
Та бүхэн бол үндэсний үйлдвэрлэлийн гал голомтыг асааж,үргэлжлүүлж яваа Баялаг бүтээгчид юм.
Тиймээс энэ наадамдаа:
Шударгаар өрсөлдөцгөөе,
Нөхөрсгөөр өрсөлдөцгөөе,
Эрч хүчтэй өрсөлдөцгөөе,
Эв нэгдэлтэй өрсөлдөцгөөе.
Шүүгч, тамирчдаа хүндэлье.
Эв нэгдлээ улам бататгацгаая.
Ингээд “Баялаг бүтээгч – Спортын IV наадам”-ыг албан ёсоор нээснийг мэдэгдье!
МОНГОЛЫН ЖДҮҮ ЭРХЛЭГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ, ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГАТАЙ МОНГОЛ ОРОН ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ!" гэв.
Шууд дамжуулалт үзэх:
