m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.03.23 12:45
185
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр "Бодь" группээс хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.доллар бэлнээр авсан

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа. Тэрбээр "Миний бие Лхагвын тойм нэвтрүүлэгт орохдоо ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь" группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан гэж хэлсэн. Иймээс энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулахаар ирлээ. "нүүрсний сонсгол, Б.Энхбаярын авлигатай холбоотой нотлох баримтын хамт авчирсан. Нүүрсний хулгай хэзээ эхэлсэн бэ. 2022 оны 10.26-нд улсын гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар болсон. Яагаад валютын нөөц багассан бэ гэдгийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, ЗГ-ын 362-р тогтоол хэрэгжүүлэхээр болсон.  "Эрдэнэс тавантолгой"-оос нүүрс зарагдаж байгаа мөртлөө валют орж ирэхгүй байна гэдэг асуудал үүссэн. Тавантолгойд онц байдал тогтоосон. "Бодь" группийн төмөр зам барих өртөг анх 362 сая ам.доллар байснаа хоёр дахин төсөвт өртөг нэмэгдсэн. Мөн ҮАБЗ-өөр тендергүйгээр шууд ОПТЕК гэрээ байгуулсан. Нүүрс дээр УИХ-ын гишүүн Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан ч өөр зүйлээр шалтаглаад олдохоо байсан. Иймээс ч УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Нүүрсний сонсгол есөн өдөр үргэлжлэхэд "Бодь" дээр хоолойгоо шахаж сүртэй юм ярьж байсан ч өнөөдрийн үүссэн нөхцлийн талаар , ОПТЕК-тэй холбоотой юу ч ярилгүйгээр сонсгол дууссан. Энэ бол Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ хойш маш их өөрчлөгдсөнийг нотолж байгаа. Тэр цагаас хойш би итгэхээ байсан. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Бодь" группийн захирал Баясгалангаас тавуулаа нийлж, 500 мянган ам.доллар нэг удаа, 800 мянган ам.долларыг дахин нэг удаа буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан. Мөн Б.Энхбаяр нь "Бодь" групптэй өмнө нь ч холбоотой байх баримт гарч ирсэн" гэлээ.