Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
126
“Мөнхийн чанар” үйлдвэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 121 дэх үйлдвэр буюу Увс аймгийн “Мөнхийн чанар” ХХК-ийн “Өнхрүүш” үйлдвэрт ажиллалаа.

Тус үйлдвэр нь 2002 оноос хойш хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна.

2023 онд үйлдвэрийн шинэ байр барих, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зорилгоор “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 2024 оны 12-р сард шинэ үйлдвэрийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Үүний үр дүнд тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал 3-5 дахин өсөж, эрүүл ахуйн шаардлага хангасан, тав тухтай орчинд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж бүрджээ.

Мөн шинээр 10-15 ажлын байр бий болгож, 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ.

Улсад төлсөн татварын хэмжээ 35.3 хувиар нэмэгдэж, Нийгмийн даатгал төлөлт 20 хувиар тус тус нэмэгджээ.

Цаашид үйлдвэрийн ажилчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчин бүрдүүлэх, хөргүүртэй агуулах барих зэрэг ажлыг хийхээр зорьж байна.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд нэгдэж, орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулан, олон хүнийг ажлын байраар хангаж, татвараа төлж, улс, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.