Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
130
Монгол Улсын Ерөнхийлөгч 122 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймгийн “Увс Хүнс” ХК-ийн үйлдвэрт ажиллалаа. Энэ нь Монгол улсын төрийн тэргүүний очиж ажилласан 122 дахь үндэсний үйлдвэр боллоо.

84 жилийн түүхтэй тус үйлдвэр 2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч чацаргана бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулжээ.

2025 онд улсад 1.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд сүүлийн таван жилд төлж буй татварын хэмжээ тогтвортой өсжээ. Мөн өөрсдийн 100 га талбайд чацарганы тариалалт хийн үйлдвэртээ боловсруулж, ISO 9001, ISO 2200 стандартын шаардлага хангасан байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түгээдэг юм.

“Увс хүнс” ХК манай улсын нийт зэрлэг чацарганы 70, таримал чацарганы 50 гаруй хувь нь ургадаг Увс аймгийн чацарганыг Европын Холбооны Улсад оюуны өмчөөр бүртгүүлж, улсдаа анх удаа Газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгожээ.

“Увс хүнс” ХК дараах чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

  • Чацаргана жимсний боловсруулах үйлдвэр
  • Гурилан бүтээгдэхүүний үйлдвэр
  • Шингэн хүнсний үйлдвэр
  • Гурилын үйлдвэр
  • Сүү боловсруулах үйлдвэр