m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрүүл мэнд
2026.03.24 12:19
130
Өнгөрсөн жил 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгджээ
ЭМЯ-ны өнгөрсөн оны мэдээгээр Монгол Улсад нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас баржээ. Батлагдсан нийт тохиолдлын 165 нь хүүхдийн сүрьеэ, 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол байжээ. 
 
Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр байгааг харуулж байна.
Сүрьеэгийн тархалтыг байршлаар авч үзвэл нийт тохиолдлын 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байна.  Эмчилгээний үр дүнгийн хувьд халдварт хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилт 78.4 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний амжилт 65.3 хувь байгаа нь цаашид эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Сүрьеэ агаар дуслаар дамждаг халдварт өвчин. Гэхдээ иргэний биеийн онцлог , дархлаанаас хамаарч өвдөх эсэх нь тухайн хүнээс  хамаардаг онцлогтой.
Иймээс 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, хөлрөх, жин буурах гэхчилэн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт, сүрьеэгийн диспансерт хандахыг зөвлөж байна.     Сүрьеэгээр өвдсөнөө эрт мэдэж, оношлуулснаар  эргэн тойрны хайртай хүмүүстээ халдаахгүй байх боломжтой. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Гол нь эмээ таслалгүй ууж, хүндрүүлэхгүй байх шаардлагатай.