

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр "Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой "Бодь" компани болон Тавантолгой төмөр замын гэрээний асуудал хурцаар хөндөгдөж байна. 1.5 тэрбум ам.долларын үнэ бүхий гэрээ үүнд яригддаг. Өмнө нь гүйцэтгэж байсан солонгосын компанийн "Хөгжлийн банк"-наас авсан 276 сая ам.доллар нийлбэрээр 1.3 тэрбум доллар буюу өнөөгийн ханшаар улсын төсвийн 13 хувийг эзлэх маш их хэмжээний мөнгө үүнтэй холбогддог. Өнгөрсөн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нарын хооронд энэ асуудалтай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс ярьж байгааг бүгд харлаа. Энэ дунд үнэн юу вэ гэхээр энэ гэрээг үзэглэсэн хоёр талын төлөөлөгч, "Бодь"-ын гүйцэтгэх захирал Т.Амундра өнөөдөр хаана байгаа юм. Нөгөө талд Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Удаанжаргал хаана байгаа юм. Нүүрсний сонсголтой холбоотой асуудал байгаа нь үнэн. 2022 оны эхээр тухайн үеийн ЕС Л.Оюун-Эрдэнэ, тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улс төрчийг зарлаж байсан. Гэх мэтчилэн үнэн зүйл бий. Энэ асуудалд холбоотой гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдаж байсан үйлдэл нь хүртэл ЦЕГ-т бүртгэлтэй байгаа.
Нүүрсний сонсгол өнгөрсөн чуулганы үед явагдаж байсан. Үүний үр дүнд тухайн үед сонсгол удирдаж байсан Б.Энхбаяр холбогдох материалыг шалгаж үзээд шинжээчийн дүгнэлтийг холбогдох газар явуулсан ч энэ дагуу авсан арга хэмжээ алга байна.
Гашуунсухайт, үүнийг гүйцэтгэсэн хоёр ААН тойрон хүрээлэгч дунд нь асар их авлига, хулгай байгаа нь тодорхой байна. Миний бие энэ асуудлыг дахин нягталж шалгах нь зүйтэй гэж үзэн, Хяналт шалгалтын түр хороо дахин байгуулах үүднээс тогтоолын төсөл боловсрууллаа. Энэ асуудал хуулийн дагуу хараат бус байх ёстой. Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн баригдана. Дөрвөн намын төлөөлөл эн тэнцүү орж ажиллаасай , үүнд нэр дурьдагдсан гишүүд орж хэрхэвч болохгүй. УИХ-ын чуулган улс төрийн зорилгоор хуралдахгүй байгаа нь үнэн. Гэвч шийдэл нь олдож, хуралдаж л таараа. УИХ-ын ирц хянан шалгах түр хороо байгуулахад саад болохгүй гэж үзэж байна. Өнгөрсөн сонсголын явцад мэдээ, материал дутуу, устсан байсан. Мэдээ материал хүргүүлсэн ч засварласан байсныг Б.Энхбаяр гишүүн ярьж байсан. Зарим мэдээ материал цагийг нь тулгаж хоцорч ирснээр санал дүгнэлтэд ороогүй гэхчилэн олон асуудал бий.
