

Олон Улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ) болон Үндэсний Урлагийн Их Театр (ҮУИТ)-ын зүгээс соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй мэргэжил нэгтнүүдээ урьж, урлагийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлого тодорхойлогчид болон олон нийтэд хүргэхийн сацуу монголын урлагийг түгээн дэлгэрүүлэх дэлхийн хэмжээний фестиваль бий болгох тухай төслийг танилцуулахаар бэлтгэж байна.
Мөн энэ өдөр ССАЖЗ-ын сайд, хатагтай Ч.Ундрам хүрэлцэн ирж, Соёл, урлагийн чиглэлд төрийн зүгээс баримталж буй бодлого болон ажил хэргээ танилцуулна.
УДЭТ болон ҮУИТ нь мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын хувьд 21 аймгийн театрууд болон хувийн театруудын төлөөлөл, урлагийн салбарынхныг театрын баярын өдрөөр театраа урьж буй юм.
Олон улсын театрын өдрөөр Эртний Грекийн Хомероос эхлээд дэлхийн яруу найргийн бүх үеийн төлөөлөл 30 гаруй яруу найрагчийн бүтээлийг дээжлэн багтаасан “Төгс төгөлдөрийн сургуулилт” хэмээх хоёр театрын хамтарсан тоглолтыг толилуулна. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын шинэхэн найруулагч, Москвагийн Театрын урлагийн дээд сургууль (ГИТИС)-ийн төгсөгч Эрдэмбилэгийн Билгүүн ажиллаж байна.
