

Увс аймгийн намын бага хурал хуралдахаар зарлагдсан ч дүрмийн бус явсан талаар тус намын хорооны гишүүн Б.Одсүрэн намын хяналтын хороонд гомдол гаргалаа. Тэрээр "Үүний дагуу бага хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагаа Увс аймаг даяар болсон. Төлөөлөгч сонгохдоо намын үндсэн дүрэм, сонгуулийн журмыг зөрчсөн. Энэ үндэслэлээр намын хяналтын хороонд шалгуулахаар хандаж байна.
1-рт Намын дүрмийн 5.5 бага хурлын төлөөлөгч сонгох журамд заасны дагуу нийт гишүүдийн ирц 50-аас дээш байхаар журамласан. Гэтэл ирц хангалтгүй байсан. Жишээлбэл Увс аймгийн Тэс сумын намын хороо 900 гаруй гишүүнтэй ч 50 хувийн ирцдээ хүрээгүй 20 хүн сууж байгаад бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн. Улаамгом сум 800 гаруй гишүүнтэй ч 35 хүн цуглаад тогтоол шийдвэр гаргах жишээтэй. Энэ байдал Увс аймгийн 19 намын хороонд давхцсан.
2-рт Квотын асуудал мөн байна. Бага хурлын 209 төлөөлөгчийн дөрөв хуваасны нэг нь квотоор орсон.
3-рт Намын дүрэмд нийт удирдах төлөөлөгч сонгох сонгуульд эмэгтэйчүүдийн квот 30 гэж заасан ч ийм зүйл болоогүй. Таван төлөөлөгчийн гурав нь эрэгтэй хоёр нь эмэгтэй гэж эмэгтэйчүүдийн квот заасан ч үүнийг хангаагүй.
4-рт бүх гишүүдийн хурал гэж хийсэн ч зарим газрын тогтоол засвартай нэг үгээр үнэн худал нь мэдэгдэхгүй хоёр тогтоол ирсэн. Намын бага хурлын төлөөлөгч сонгох журамд тогтоол зассан өөрчилсөн бол хяналтын ерөнхий хороонд мэдэгдэнэ гэж заасан ч энэ асуудлаа шийдвэрлэхгүйгээр шууд бага хурлаа хийсэн.
Бага хурал 3.22-нд болсон. 209 төлөөлөгчийн 15 хүн л квотоор орно гэсэн байсан ч 54 хүн орсон. Нийт төлөөлөгчийн 4 хуваасны нэг нь ингээд ороод ирсэн. Дүрмийн бус зүйлийг миний хардаж байгаагаар Увс аймгийн МАН хоёр том бүлэглэлд хуваагдсан. Нэг нь Б.Чойжилсүрэн, нөгөө нь Ч.Хүрэлбаатарын бүлэглэл. Энэ хоёр бүлэглэлийн хүмүүс өөрийн эрх мэдлээ баталгаажуулахын тулд хурал бүх үйл ажиллагааг бусниуллаа. Аль аль нь зэрэгцэж хийж байна. Үүнээс болж энгийн намын гишүүд хохирч байна. МАН 105 жилийн түүхтэй нам. Энэ том нам ялзарсан зүйлийг хамгаалахгүйгээр шалгаж, илтэд хууль бус зүйл хийснийг нь тогтоож өгнө гэж найдаж байна" гэлээ.
