

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Ойрхи дорнодын дайны нөхцөл байдалтай холбоотой шатахууны үнэ өсөх хандлагатай байна. Хэрэв талууд энхийн хэлэлцээрт орвол тогтворжих байх. Асуудал ужгираад байвал шатахууны үнэ цаашдаа өсөхөөр байгаа. Учир нь тус бүс нутаг дэлхийн хийн болон байгалийн тосны гол нийлүүлэгч, худалдааны гол зангилаа юм. Тиймээс дэлхийн эдийн засагт аш хүчтэй нөлөөлж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улс орон энэ нөхцөл байдлыг хямралт байдал гэж үзэж эдийн засгийн онцгой дэглэм тогтоогоод арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Бид бас бэлэн байдлаа хангах учиртай.
Манайх шатахууныхаа 96-97 хувийг ОХУ-аас авдаг. ОХУ-ын шатахуун үйлдвэрлэл тогтвортой байгаа. Тиймээс манай улсад шатахууны нийлүүлэлттэй холбоотой болон хомсдох асуудал гарахгүй. Гол эрсдэл үнэ байна. Жишээ нь, өнөөдөр дизель түлш дээр 1500 төгрөгийн зөрүү гарчихсан байгаа. Засгийн газраас нөөц бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн өвөл идэвхтэй арга хэмжээ авсан. Үүний үр дүнд шатахуун, нефть, дизель, онгоцны түлш, шатдаг хийн тодорхой нөөцийг бүрдүүлж чадсан. Одоо үүсэж байгаа үнийн өсөлт, шокийг бид тодорхой хугацаанд барьж, зохицуулах бололцоотой байгаа.
Энэ бол дэлхий нийтээр үүсэж байгаа асуудал. Тэгэхээр манай улс бэлтгэлтэй байх ёстой. Үүний тулд ямар арга хэмжээ авах уу гэдэг хувилбаруудаа танилцуулсан. Ингээд гишүүд, салбарууд саналаа хэлж, бид саналыг нь нэгтгээд ойрын үед боловсруулна. Бид УИХ-д нөхцөл байдлыг танилцуулж Засгийн газар хурдтай, түргэн, шийдэмгий, богино хугацаанд шийдвэр гаргах чадавхаа олж авах нь чухал.
Ингэснээр асуудлыг хохирол багатай давж чадна. Хөрөнгө, төсөвтэй холбоотой асуудлаа эхлээд шийдэх юм бол хариу үйлдэл хийхэд цаг алдана. Хохирол их амсана.
Шууд дамжуулалт:
